Цахим ертөнц ,сошиал медиа эрчимтэй хөгжиж буй өнөө үед залуус өөрсдийн дур сонирхол сэтгэлээр нэгдэж, нийгэмд тустай үйл хэргийг санаачилж хэрэгжүүлэх болсон билээ. Тэгвэл үлгэр жишээ залуусын төлөөлөл болсон хэсэг залуус хандив цуглуулж, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Баянзүрх эмнэлэг”-ийн хүүхдийн тасагт долоон ширхэг утлагын аппарат бэлэглэсэн гэх таатай мэдээ байна. Тодруулбал, эдгээр залуус facebook.com сошиал медиагаар дамжуулж, өөрсдийн төрсөн ордоор нэгдсэн “Үхрийн ордны групп” –ын залуус аж. “Баянзүрх эмнэлэг”-ийн Хүүхдийн тасгийн хувьд түс дүүргийн 28 хорооны 0-16 насны 97800 гаруй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг ачаалал ихтэй эмнэлэгүүдийн нэг юм. Тус эмнэлэгээр өвлийн цагт гуурсан хоолойн өвчнөөр өвчилж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо эрс өсдөг бөгөөд эмчилгээний явцад хэрэглэгдэх хоёр утлагын аппарат нь хүрэлцдэггүй байсан байна. Иймд, тус группынхэн нэгдэж, групп дундаа бооцоот сагсан бөмбөгийн тэмцээн зохиож хандив цуглуулан, тус эмнэлэгт нэн шаардлагатай байсан утлагын аппаратыг бэлэглэж, эрүүл ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулалт хийжээ.