Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн долоодугаар орон сууцны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг үзлэг хийн тухайн айлын угаагуурт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ. Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо. Мөн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорийн давхар, бохир усны шугам, насосны станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээний дүн ч дээрхтэй адил гарсан байна.

Мөнгөн ус крантаас гарах үед тухайн айлд  таван  хүн байсан бөгөөд тэдэнд  мөнгөн усны хордлогын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй болохыг МХЕГ-аас мэдэгдлээ.