Тавантолгойн гэрээг эвдэхгүйгээр үргэлжлүүлнэ

 

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. АН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, мэдээлэл хийсэн байна. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл хийжээ. Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж 1400 орчим түрээсийн байр барихаар шийдвэрлэсэн. Мөн улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас тодорхой чиглэл гаргаж Эрүүл мэнд, спортын яам болон Онцгой байдлын газарт чиглэл өгөн ажиллаж байгаа аж. Мөн Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүний дагуу Төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх хувийг орон нутагт төвлөрүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

 

Одоо мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 70 хувийг Хүний хөгжил санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилдаг бол шинэчилсэн хуулиар Хүний хөгжил санд 65 хувийг, орон нутагт 30 хувийн орлого төлөх юм. Бүлгийн гишүүд уг хуулийн төслийн талаар ярилцаад орон нутаг төвлөрүүлж байгаа хөрөнгийг чухам ямар зүйлд зарцуулах талаар тодорхой заалт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Тодруулбал уг хөрөнгийг зарцуулахад тухайн орон нутгийн иргэдийн саналыг авч байх ёстой бөгөөд аливаа улс төрийн, Үндэсний баяр наадмаас бусад баяр, ёслолын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахыг хориглох юм байна. Бүлгийн өчигдрийн хурал дээр Тавантолгойн асуудлаар мөн ярилцсан байна. Улмаар намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа гэнэ. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэх юм байна.

 

Тавантолгой ашигтай ажилласан

 

УИХ дахь бие даагчдын бүлэг өчигдөр мэдээлэл хийлээ. Бие даагчид энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэд замын ажил муу хийгдэж байна. Зарим газар нэг жил хүрэхгүй тавьсан зам нь эвдэрч байна. Төсвийн мөнгийг хий урсгаж байгаа юм. Зам тавихдаа түүгээр явж байгаа иргэдийн аюулгүй байдлыг анхаардаг. Гэтэл манайд нэг жил болохгүй тавьсан зам нь цөмөрч байна. Замын тендерийг эрх баригчид намынхандаа хувааж өгсний хор уршиг гарч байгаа юм. АН-ын дэмжигч нар тендер авч, цааш дамжуулан хийж чадахгүй компаниудад өгснөөс зам муудаж байна. Стратрегийн том ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 51 байх ёстой гэсэн заалтыг намрын чуулган завсарлахын өмнө өөрчиллөө. Тавантолгой 2014 онд 30 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хэрвээ популистуудын амласан амлалтаар хувь хишиг гэж мөнгө цацаагүйсэн бол өнөөдөр үүнээс ч илүү ашигтай ажиллах байсан. Нүүрс хөрсийг хуулаад ухах ажил өндөр технологи биш. Гэтэл төр муу менежменттэй гэсэн нэрийн дор хувьчилж авах ажил явагдаж байгааг дэмжихгүй. Эрх баригчид 1072 хувьцааг үнэгүйдүүллээ. Үүнийг бид дэмжихгүй гэсэн байр сууритай байгаа юм.

 

Тавантолгойг тойроод цэвэр улс төр өрнөж байна

 

Тавантолгойн асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхан “Тавантолгойг тойроод цэвэр улс төр өрнөж байгаа харагдах юм. АН-ын дотор “хэн нь том бэ” гэдэг өрсөлдөөн хувь хүмүүсийн араншингаар дамжиж УИХ, Засгийн газрын хоорондын зөрчил болж харагдаж байна. МАН ч Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулах хэрэгтэй гээд дарга нь гарын үсэг зурсан. Чалкод асар их хэмжээний өр тавьсан, хэрэг дээрээ 15 жилээр Тавантолгойг барьцаанд өгөх гэрээг хийж байх үед Чалкогийн гэрээг УИХ-д татан авч хэлэлцээгүй. Тэр үед МАН таг байсан. АН ч таг байсан. Тэр гэрээг ер нь монгол хүн уншаагүй юм шиг санагдсан. Өр тавьсан, барьцаанд орсон Чалкогийн гэрээг УИХ хэлэлцээгүй атлаа Тавантолгойн төслийг улс төржүүлж байгаа нь “гадаад” захиалгатай гэж эрхгүй бодогдуулж байгаа. Тиймээс би УИХ-ын даргад итгэснээс Ерөнхийлөгчдөө итгэсэн нь дээр гэж бодож байна. Учир нь Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогдсон, монголын ард түмний нэрийн өмнөөс ярих эрх бүхий цор ганц хариуцлагатай албан тушаалтан. УИХ-ын гишүүдийн хувьд тойргоо, намаа төлөөлнө биз” гэсэн юм.

 

Г.Мягмарсүх