Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн  ганц эмэгтэй  нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд  бэрхшээл   учирч эхэллээ. Нам нь бааз муутай, дээр нь нэр дэвшигч мөнгөгүй, олон хүн хөлсөлж ажиллуулах боломж хомс, сурталчилгааныхаа сонин, сэтгүүлийг  ч олон тоогоор хэвлүүлэх эдийн засгийн бололцоо сул гээд зовлон байгааг  хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ өөрт байгаа үнэт зүйл шударга ёсыг тогтоох эрмэлзлэл, түүний төлөөр тэмцлээ уриа болгосон түүнийг эх орны өнцөг булан бүрт дэмжиж, халуун дотноор хүлээж авч байгаа юм. Гэтэл  нийслэлийн зарим дүүрэгт Н.Удвалын сурталчилгааны сонинг тараалгүй  машинаар ачин төмөр чингэлэг рүү хийж  дарж байна гэх мэдээлэл дуулдаж байна. Өнөө өглөө гэхэд л Чингэлтэй дүүрэгт оршдог Долоон буудлын орчим ийм хэрэг гарсан тухай иргэд мэдээлэв. Үйл явдлын мөрөөр  сураглаж очиход Таван буудал хэмээн бидний нэрлэдэг автобусны ойролцоо төмөр чингэлэгийн хаалга нээлттэй, дотор нь боодол боодлоор нь сонин чихсэний наад талд хэдэн хүн зогсч байлaa

 

 

 

 Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны МАХН-ын хорооны  гишүүд  дээрх мэдээллийг сонсоод ирсэн нь энэ байв.  Тэднийг дүүргийн намын хорооны  дарга нь МАН-ын штабын гадаах төмөр чингэлэгт манай нэр дэвшигчийн сурталчилгааны сонин их хэмжээгээр буусан гэсэн мэдээлэл авлаа, юу болсныг асууж тодруулаадах  гэснээр нааш ирсэн хэмээн тэд  ярьж байна. Төмөр чингэлэгт янз бүрийн сонинг боодол боодлоор  нь чихсэний дотор Н.Удвалын сурталчилгааны сонин олон байв. Нэг боодолдоо 700 ширхэг байгааг ч намын гишүүд нь тоолжээ. Мөн Н.Удвалын эх үрсийн баяраар эхчүүд, ээжүүддээ хандаж бичсэн ил захидлыг хэвлэсэн “Монголын мэдээ”сонин гэхэд л тэнд 5-6 боодол байлаа. Бидний өмнө ирсэн МАХН-ын гишүүд төмөр чингэлэгийн хажуу талд байгаа Монгол Ардын намын штабынхнаас асуухад  төмөр чингэлэг өөрсдөд нь хамааралгүй, хажууд байгаа “Гүн нуур” хүнсний дэлгүүрийнх гэсэн хариу өгсөн гэв. Дэлгүүрийн эзэн Д.Лхагвадоржоос асуухад “Манай дүү хэвлэлийн хүрээлэнд ажилладаг. Чанарын болон хэвлэлтийн шаардлага хангахгүй гологдол сониныг манайд авчирдаг. Манайх өвөл сонинг түлж байраа дулаацуулдаг” гэв. Гэтэл төмөр чингэлэг дэх сонинуудаас  үйлдвэрлэлийн ямар нэгэн алдаа, чанарын  гологдол гэх байдал харагдсангүй.

 

 

        Чингэлтэй дүүргийн МАХН-ын   хорооны  гишүүдээс асуухад  өнөөдрийг хүртэл нэр дэвшигчийнхээ  сонинг бүрэн гүйцэд авч чадахгүй явж байна. Яагаад энд гологдол нэртэй олон тоогоор байгааг гайхаж байна. Сонин хэвлэж байгаа “Чөлөөт хэвлэл” сан дээр очоод асуухаар сонин нь гараагүй байгаа, хэвлэж дуусаагүй гэсэн хариу өгдөг. Хэвлэж дуусаагүй гэчихээд гологдол гээд  боодол боодлоор нь  гэр хорооллын төмөр чингэлэг рүү зөөж хийгээд байгаа нь асуудалтай, бухимдал төрүүлж байна. Бид аль нэг намын санаатай явуулга гэж үзэж байна. Өрсөлдөгчдөд нь хандаж хэлэхэд шударга өрсөлдөөч. Сонгууль өрсөлдөөн боловч ганц эмэгтэй нэр дэвшигчээ битгий дээрэлхэж, бөөрөлхөөч  гэж хэлмээр байна. Ийм учраас энэ асуудлыг шалгуулахаар цагдаад мэдэгдчихээд хүлээж байна гэв.

 

 

        Нэр дэвшигчийн сонинг гологдол гэх нэрээр бөөн бөөнөөр нь төмөр чингэлэг рүү зөөж хийсэн талаар асуухаар “Чөлөөт хэвлэл”санг зорив. Захирал нь байхгүй байгаа гэнэ. Түүнийг орлож үлдсэн хүн мөн ажил хөөцөлдөөд гадуур яваа гэлээ. Ингээд менежерээс  нь тодруулах гэтэл  сонгуультай холбоотой асуудлаар ярилцлага өгөхгүй, нөгөөтэйгүүр бид үйлчлүүлэгчдээ, үйлдвэрийн нэр хүндээ бодож байна  гэв. Харин зай талбай гаргах үүднээс гологдлоо устгалд оруулахаар хүмүүстэй гэрээтэй ажилладаг. Тэр дагуу зөөсөн хураасан болохоос ямар нэгэн хууль бус зүйл болоогүйг  товч  тайлбарлаад үйлдвэрт байгаа гологдол сонинуудыг үз гэв. Үйлдвэрт байгаа гологдол сонинууд бол үнэхээр хэн ч харсан гологдол гэдэг нь мэдэгдэхээр толботой, будаг нь нүүсэн байв.

 

 

        Гэтэл төмөр чингэлэгт байсан гологдол гээд байгаа сонинуудад гологдол гэхээр байдал ажиглагдаагүйг хэлэхэд үйлчлэгч аваад үзэхэд боломжгүй сониныг бид гологдол гэж ялгадаг. Түүнээс биш яалаа гэж илүү хэвлээд өөр газар хураах билээ гэв. Мөн ямар нэгэн байдлаар тэрхүү гологдол гээд байгаа сонинуудыг сурталчилгаа хаагдсанаас хойш хэн нэгэн зориуд тарааж нэр дэвшигчийн эсрэг ажиллахгүй гэх баталгаа бий, эсэхийг асуухад “Тийм зүйл манай зүгээс гарахгүй. Гэхдээ сонин  тараая гэвэл хэн ч хаанаас ч аваад тарааж болно шүү дээ, манайхаас хамаарахгүйгээр” гэлээ. Үйл явдлын мөрөөр сурвалжлахад ийм байна.

 

 

         Өрсөлдөгчдийнх нь зүгээс эмэгтэй нэр дэвшигчийг намнах гэсэн оролдлого уу, эсвэл хоёр намын сонгууль удирдаж буй доод шатны  хүмүүсийнх нь  хийж буй үйлдэл үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Харин нэхэн сануулахад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшсэн, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын сурталчилгааны материалууд огт тараагдаагүй. Сонгууль болоод өнгөрснөөс бүүр хойно хэдэн сарын дараа өөрийнх нь намын байрнаас, тодруулбал Нийслэлийн  Монгол Ардын намын хорооны байрны  хонгилоос боодол боодлоороо гарч ирж байв. Тэгэхээр дээрх сценари  танил ч юм шиг.