Ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Энхжин "Images" төрөлд ДЭЛХИЙН РЕКОРД тогтоолоо.  Тодруулбал, АНУ-ын Сан Диего хотод энэ амралтын өдрүүдэд болсон ой тогтоолтын олон улсын аварга шалгаруулах “Extreme Memory Tournament”  тэмцээний "Images" буюу дүрс чээжлэх төрөлд тэрбээр өрсөлдөж 30 дүрсийг ердөө 14 секундэд чээжлэн алдаагүй нэрлэснээр төрөлдөө тэргүүлээд зогсохгүй 2000 ам.долларын шагнал хүртсэн юм.

Түүний дасгалжуулагчаар Б.Баасандорж ажиллажээ. Тус тэмцээн дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдсан, 76000 ам.долларын шагналын сантай аж. Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн таван тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцсон юм. Дэлхий дээд амжилт тогтоосон Т.Энхжингийн хувьд тус тэмцээнд оролцохоор шалгарсан хамгийн залуу, 17 настай тамирчин билээ.

Д.Ана