Эрүүл мэндийн салбар эмийн өрөнд оржээ А.Баярмаа Нийгэм, Сэрэмжлүүлэг 2015/05/06 2015-05-06 12:31:36 2024-12-05 19:19:00 Эрүүл мэндийн салбар үнэндээ дампуурахад ойрхон болжээ. Эрүүл энхийн манаанд зогсох, иргэдийн эрүүл мэндийн төлөө тууштай байх тус яам болоод салбар байгууллагууд элгээрээ мөлхөж, амь тавих гэж байгаад өмнөх сайд нарыг буруутгадаг юм билээ. Өнөөдөр л гэхэд улсын эмнэлгүүд эм, тариагүй эмчилгээ хийж, эмчлүүлэгчдийг өөрсдөө ар гэрээсээ тариа, эм авчир гэж байгаа аж. Эмнэлгүүд эмийн компаниудаас өр зээлээр эм, тарилга авч өвчтөнүүдээ эмчилж байсан бол өнөөдөр 1,5 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Өрөө төлж хүчрэхгүй байгаа байгууллагуудад дахин эм, тариа зээлээр олгохгүй хэмээн эмийн компаниуд хатуурхаж эхэлжээ. Ирэх долоодугаар сар гэхэд өрөө бүрэн барагдуулахгүй бол эмийн сангууд үргэлжлүүлэн эм өгөхгүй гэдгээ ч мэдэгджээ. Тиймээс салбар хариуцсан сайд нь Засгийн газарт хандаж УИХ-ын төсвөөс нэн яаралтайгаар эм, тариа тасрахаас өмнө 2,5 тэрбум төгрөг төсөвлөж өгөхийг хүсчээ. Төсөвлөсөн мөнгөөр өрөө дарж, үргэлжлүүлэн эм тариагаа авахыг бодох юм гэнэ. Өнөө жил эмийн төсвийг 30-50 хувиар танасны гор гарч өвчтэй иргэдийг “Үх” хэмээн хэлж байгаатай ялгаагүй зүйл болоод байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг л гэхэд 70 сая төгрөгийн эмийн өртэй аж. Ийнхүү эмнэлгүүд өвчтөнүүдийг “хашиж”, эмгүй, тариагүй эмчилгээ хийж байгаа гэнэ шүү.