2013 оны хавар Ши Жиньпин, Ли Кэчян тэргүүтэй тав дахь үеийн удирдлагын баг Хятадын засгийн эрхэнд гарав. Иргэний дайнд ялсан Мао Зэдун тэргүүтэй коммунистууд 1949 оны аравдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхаглан зарласнаас хойш дэлхийн хамгийн олон хүн амтай гүрнийг ердөө таван бүлэг улстөрчид л удирдан залж иржээ. Тэд жар гаруй жилийн дотор Хятадыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгосон гавьяатай. Мао Зэдун винтов буугаар Хятад үндэстнээ эмхлэн төвхнүүлж, Дэн Шяопин эдийн засгийн нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж, Жян Зэминь, Ху Жиньтао нар бодлогыг нь үргэлжлүүлжээ. Ши Жиньпин бол Дэлхийн II дайн ба БНХАУ байгуулагдсанаас хойш төрсөн удирдагч. Хятадын үе үеийн удирдагч нар өөрсдийн үзэл баримтлал, уриатай байлаа. Ши Жиньпин Хятад мөрөөдлийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж амлав. Тав дахь үеийн удирдлагын багийн тодорхойлсон Хятад мөрөөдөл гэгч нь 30 гаруй жил тасралтгүй өссөн Хятадын эдийн засгийн үр шимийг зүй зохистой хуваарилснаар иргэдийг сэтгэл хангалуун, нийгмийг тогтвортой, Коммунист намыг нэр хүндтэй байлгах явдал мөн. Хятадын онцлог бүхий социализм гэгч нь баялгийг бүх хүнд тэгш хуваарилах тухай ойлголт биш. Ши Жиньпин өнгөрсөн намар Монгол Улсын Их хурлын чуулганд тавьсан илтгэлдээ ч энэ тухай хэлчихсэн. Тэрбум гурван зуун сая Хятадыг бүгдийг нь сэтгэл хангалуун байлгах боломжгүй гэж Ши тов тодорхой хэлсэн. Нийгмийн гол ачааг нугалдаг дунд давхаргынхны тоог нэмэх нь Хятад мөрөөдлийн гол агуулга. Үүний тулд Хятад мөрөөдөлд хүрэх замыг засах ёстой. 

Хүүхэд ахуй цагаасаа Коммунист намд үнэнчээр хүчин зүтгэж, бэлтгэгдсэн Ши Жиньпин нам ба иргэдийн хоорондын харилцааг бэхжүүлэх ёстой гэж үзэв. Үнэндээ Хятадын тогтвортой байдал ард иргэдийн сэтгэл ханамжаар хэмжигдэх болохоос биш Ардын Чөлөөлөх армийн сүр хүчтэй хамаагүй аж. Тэрбум гаруй хятад хүн Коммунист намыг эсэргүүцэн босвол цэргийн хүчээр тогтоох аргагүй. Хятадын үе үеийн удирдагч нар нийгмийн тогтвортой байдал гэж ярьдаг нь ийм учиртай. Хятад хүнд газар, бизнес гэдэг үгс ардчилал, хүний эрхээс ч илүү тааламжтай сонсогддог биз. Хятад хүнээс газар, бизнесийг нь булаавал амьдралыг нь булаасантай адил. Төр засаг ба намын албан тушаалтнуудтай холбоотой гомдол саналын дийлэнх нь газартай холбоотой. Ши Жиньпин Коммунист намын нэр хүндийг хадгалахын тулд авлигын эсрэг эрс хатуу тэмцэл хийж байна. Энэ аянаа бар ба ялааны ан гэж нэрлэжээ. Төрийн өндөр албан тушаалтнуудыг бар гэж тодорхойлох бөгөөд барыг нүцгэн гараараа барих боломжгүй учраас бүгдээрээ нийлж байгаад торонд хорих ёстой.

Харин ялаа буюу доод тушаалын албан хаагчдыг зүгээр цохиод л алчихна. Монголд авлигачдыг аварга загас ба жараахай гэж тодорхойлдогтой адил юм. Ялаа алсан тухайгаа заавал сонин хэвлэлээр бичиж сүржигнээд байх шаардлагагүй. Жоу Ёнкан, Би Шилай, Лю Тинань тэргүүтэй том гаруудыг барьсан бол өөр хэрэг. 

Ши Жиньпиний санаачилсан авлигын эсрэг аяны хүрээнд төр засаг ба намын 80,000 гаруй албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж, 15,000 гаруй этгээдэд хариуцлага тооцсон гэх баримт байна. Коммунист нам өөрөө нэр цэвэр байж чадвал Хятадын олон түмэн намаа тойрон хүрээлэх аж. Ши Жиньпиний авлигын эсрэг аян бол Хятадын Коммунист намын явах замыг засах зорилготой ажиллагаа. Ши Жиньпин тэргүүтэй удирдагч нар Хятадын үндэсний нийт бүтээгдэхүүнд дотоодын хэрэглээний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Одоогоор Хятадын эдийн засаг экспортод чиглэсэн баримжаатай хэвээр боловч дотоодын хэрэглээ буюу худалдан авах чадвартай нийгмийн хэсэг улам өргөжих дүр зураг ажиглагдаж байна. Эдийн засгийн тасралтгүй өсөлтийн үр дүнд мөнгөлөг хятадуудын тоо улам өсчээ. Хэдэн зуу саяар тоологдох Хятадын худалдан авагчдыг алдахгүйн тулд үндэстэн дамнасан корпорациуд амиа тавьж байна. Дэлхийн эмийн үйлдвэрлэлийг атгадаг зургаан том корпорацийн нэг болох Их Британийн ГлаксоСмитКлайн компанийг Хятадын шүүх 490 сая доллараар торгосон. Германы Мерседес Бенц 56,5 сая доллар, Вольксваген ба Фиат Крайслер компаниуд нийлээд 46 сая доллараар торгосон. Японы сэлбэг нийлүүлэгчдийг зүгээр орхисонгүй. Эдгээр корпорациуд монополийн эсрэг хуулийг зөрчсөн учраас торгуулсан нь энэ. Гэвч корпорациудын аль нь ч Хятадын шүүхэд давж заалдсангүй. Компанийн удирдлагууд нь Хятадын олон нийтээс уучлал гуйж, торгуулиа бүрэн төлж барагдуулна гэж амлаж байна. Тэд Хятадын зах зээлийг л алдахыг хүсэхгүй байна шүү дээ. 

Жян Зэминий үед боловсруулсан Хятадын гадагшаа чиглэлтэй хөрөнгө оруулалтын бодлогыг ч Ши Жиньпин үргэлжлүүлж байна. Бразил, Энэтхэг, Орос, Өмнөд Африктай хамтран 50 тэрбум долларын хөрөнгөтэй БРИКС бүлгийн хөгжлийн банкийг байгуулсан. Өнгөрсөн намраас хойш яригдаж буй Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк энэ ондоо багтаад үйл ажиллагаа нь эхлэх нь тодорхой боллоо. Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудаас гадна Европын аваргууд болох Их Британи, Франц, Герман, Итали хүртэл Хятадын санаачилсан банкны үүсгэн байгуулагчаар элсэнэ гэдгээ илэрхийлчихлээ. Монгол Улс ч багтах бололтой юм билээ. Хятадын удирдагч нар байр сууриа маш тодорхой илэрхийлдэг. Харилцан ашигтай хамтран ажиллацгаая. Ер нь энэ дэлхий дээр харилцан ашиггүй бизнес эрхэлдэг ямар ч тэнэг байхгүй биз. Ши Жиньпин, Ли Кэчян нар эртний түүхт Торгоны замын дагуу худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх санаачилга дэвшүүлж, хэрэгжүүлээд эхэлчихлээ. Торгоны замын эдийн засгийн бүслүүр төслийн хүрээнд Ази-Европыг автозам ба төмөр замаар холбоно. XXI дүгээр зууны далайн торгоны зам төсөл нь далайн тээврийг эрчимжүүлэх аж. 46 тэрбум долларын хөрөнгөтэй Торгоны зам сангийн эхний санхүүжилтийг Пакистан улс авсныг Шиньхуа агентлаг албан ёсоор мэдээллээ. Ши Жиньпиний Пакистан дахь айлчлалын үеэр 50 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны нэг нь 1,65 тэрбум долларын өртгөөр баригдах Каротын усан цахилгаан станц юм. Ши Жиньпин Хятадын Шинжаан мужийн Кашгар хотыг Исламабад, Лахороор дамжуулан Пакистаны Гвадар боомттой холбох дэд бүтцийн төсөлд 46 тэрбум доллар зарцуулахаар боллоо. Хятадын бараа бүтээгдэхүүн Зүүн Өмнөд Азиар дамжихгүй шууд хуурай замаар Энэтхэгийн далай, Арабын тэнгис хүрнэ гэсэн үг. Өнгөрсөн намар Алтайн замаар буюу Монгол-Казахстаны яг голоор Оросоос байгалийн хий авах гэрээнд гарын үсэг зурчихсан. Бээжин Шинжаан мужийг Төв Ази, цаашлаад Африк, Ойрхи Дорнод, Европтой холбох гарц гэж харж байна. Шинжааны Кашгар ба Пакистаны Гвадарын хооронд 3000 гаруй километр урт автозам, төмөр зам, газрын тос дамжуулах хоолой баригдана. Хятадын Үндэсний Хөгжил шинэтгэлийн комиссын дарга Жан Яньшэний танилцуулснаар бол 2014 онд Торгоны замын дагуу оршдог улс орнууд ба Хятадын худалдааны эргэлт 1,13 их наяд долларт хүрчээ. Хэрвээ Торгоны зам төсөл бүрэн хэрэгжвэл ирээдүйд 4,4 тэрбум хүнийг хамарсан эдийн засгийн корридор үүсч, худалдааны эргэлт нь 21 их наяд долларт хүрнэ гэж тооцоолжээ. Одоогийн Хятадын үндэсний нийт бүтээгдэхүүнээс даруй гурав дахин их мөнгөний тухай ярьж байна шүү дээ.