Налайх дүүрэгт хот байгуулах саналыг тус дүүргийн иргэд олон жилийн турш Хотын захиргаанд тавьж байсан бөгөөд энэ санал хүсэлт болон нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүрэгт хот байгуулах тухай санал асуулга явуулан. Санал асуулгад оролцсон нийт иргэний 96,1 хувь нь дүүрэгтээ хот байгуулж, нийслэлийн анхны дагуул хот болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, дэмжсэн юм.
Санал хураалтын дүнгийн дагуу уг асуудлыг НИТХ-д өргөн барьж, нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  хүслийг баталгаажуулж, эрх олгосон.

Налайх дүүрэгт хот байгуулснаар  өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргасан байгаа юм.

Налайх хотын Захирагчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр явагдаж байна. Санал хураалт 07-22 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нийт 6 хэсгийн хороо ажиллаж байна. Нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 20315 иргэн санал өгөхөөс 10:00 цагийн байдлаар нийт сонгогчийн 6,9 хувь нь санал өгсөн байна. Дараагийн ирцийн мэдээллийг 14:00, 18:00, 21:00 цагуудад мэдээлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Уланбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Налайх хотын Захирагчийн сонгууль болж байгаатай холбогдуулан тус хотын нийт иргэдэд хандан Ил захидал явуулсан юм. Тэрээр ил захидалдаа Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль нь Монгол Улс, Нийслэлийн хувьд түүхэн сонгууль төдийгүй өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлттэй анхны хот болж байгааг онцлоод санал хураалтад идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалсан юм.