Малайз улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн талаар хүргэж байсан билээ. Бизнесменийг онилсон суманд монгол эмэгтэйг оногдсон байж болзошгүй гэж үзэж буйгаа тус улсын элчин сайд хэлсэн.

Тэгвэл эл хэргийн ард гэмт бүлэглэлийн гишүүн “Брадер” буюу “Ах” гэдэг хочтой этгээд байж болзошгүй тухай Малайзын STAR агентлаг мэдээлэв. Даваа гарагт Малайзын Бандар Утама хотод мотоцикльтой хоёр этгээд автомашин руу гал нээх үеэр Монгол Улсын иргэн хүнд шархадсан юм. Брадер гэгч нь өөрөө халдлагыг зохион байгуулж, машин руу буудсан гэж албаны хүмүүс үзэж байгаа аж. Тус этгээд хохирогчтой хамт автомашинд сууж явсан Малайз бизнесмэнтэй хувийн өс хонзонтой байсныг мөрдөгчид тогтоожээ. Сэжигтэн хууль бус кибер бооцоот тоглоом, хууль бусаар мод бэлтгэх, биеэ үнэлэх үйл ажиллагаанд оролцсон гэж албаны хүмүүс үзэж байна. Бизнесмэн залуу ч мөн гэмт хэрэгт холбогдож байжээ.

Амь насанд нь заналхийлсэн дуудлага хэд хэдэн удаа ирснээс гадна бусдад худалдсан байшин руу нь зэвсэгт этгээдүүд гал нээж байсан гэж 35 настай бизнесмэн залуу мэдүүлжээ. Зэвсэглэсэн мотоцикльтой залуусын бууны сумнаас зугтаж чадсан тэрбээр халдлагын ард “Брадер” байгаа гэдэгт итгэлтэй байгаа аж. Харин 5 удаа буудуулсан Номин-Эрдэнийн биеийн байдал дээрдэж байгаа гэнэ.