Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргахаар болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, дундаж орлоготой буюу тус зээлийн шалгуурт тэнцсэн зорилтот бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20 хувьд нь төр баталгаа гаргах юм. 

Гэхдээ энэ зээлийг хүссэн болгонд нь өгөх банк, түүнийг нь дэмжих төрийн байгууллага байхгүй. Гэсэн ч эхний ээлжинд ХАХНХЯ-наас нарийвчилсан судалгаа хийж, иргэдээ 20 ангилалд хуваажээ. Тэрхүү ангиллын 7-16 дугаарт багтаж байгаа хүмүүс энэхүү зээлд хамрагдаж болох юм байна. Харин энэ тодорхойлолтоо харьяа дүүргээсээ авна. Ирэх сараас хэрэгжиж эхлэх тус хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр нь байвал хувь, хувьсгалын бүх байгууллага хамрагдах эрх нь нээлттэй гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.

Өмнө нь урьдчилгаа 30 хувиа төлөөд байрны зээлд хамрагдчихсан иргэд авсан зээлээ энэ хөтөлбөр рүү шилжүүлж болох уу гэж сонирхож байгаа  юм. Тэгвэл “Үгүй” гэдэг хариултыг салбарын яамнаас нь өгч байна. Яагаад гэвэл, зах зээлд нийлүүлчихсэн барилгуудыг биш шинэ орон сууцыг хамруулах зорилгыг анхнаасаа тавьжээ. Энэхүү хөтөлбөрийн зэрэгцээ 30 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийг ч үргэлжлүүлэн өгөх юм байна  . Ийм нөхцөлд иргэд 30 хувийн урьдчилгаа төлөх үү. Бүгд л 10 хувийн урьдчилгаа төлөөд байрандаа орохыг хүснэ.

Өөрөөр хэлбэл, эрсдэлээ төрөөр үүрүүлэх сонирхолтой байх нь гарцаагүй гэдэг асуулт гарах нь тодорхой. Тэгвэл 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гаргаад өгч буй учраас 30 хувийн урьдчилгаа төлдөг зээлийн мөн чанар өөрчлөгдөхгүй. Үлдсэн 10 хувийг иргэн өөрөө төлж байгаа учраас уг зээл найдвартай хэвээрээ үлдэх юм байна.Банкууд орон сууцны зээл авах гэж байгаа иргэний орлого шалгуурт тэнцэж байгаа эсэхийг өөрсдөө хянана. Тиймээс ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж тооцоолжээ. одоохондоо. Яагаад гэвэл, банкуудад энэ зээлийг гаргах сонирхол байгаа аж.

Хамгийн сайн эргэн төлөгдөж байгаа зээлийн багц нь энэ учраас банкууд мөнгөө эргэлдүүлэхээс татгалзахгүй. Гэхдээ тэд бас өөрсдийнхөө шалгуурыг тавина. Өөрөөр хэлбэл, эргээд төлж чадахааргүй хүмүүст энэ зээлийг олгохгүй нь. Мөн урьдчилгаа төлбөрийн 30 хувийг авах уу,10 хувийг авах уу гэдгийг дээр дурдсан ХАХНХЯ-наас гаргасан 20 ангиллын дагуу шийдэх гэнэ. Эцэст нь энэ хөтелбөр үнэхээр зорилтот бүлэгтээ хүрч чадах болов уу гэсэн эргэлзээ төрөв. Нийслэлийн гэр хорооллын хаяаг тэлж амьдарч байгаа бага, дунд орлоготой иргэд баахан шалгуурыг нь давах болов уу. ХАХНХЯ-наас гаргасан 20 ангилалд багтсан иргэд мөнгөгүй, мөнгөтэй нэг нь заавал 10 хувийн урьдчилгаа төлөх гээд баахан бантан хутгах вий дээ.