АН-ынхан хамтарсан засагт МАН-ыг гуйж оруулчихаад гуядаж гаргахаар зэхэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах болов. Уг нь хамтарсан Засгийн газар байгуулъя гэж АН-ынхан  хадаг сүү барих нь холгүй байж,  МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг найр тавьсан албан бичиг шидэж байсан саяхан даа. Гэтэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар цагтаа урьж залсан МАН-аа үүдээрээ хөөж гаргах тухай үг сэмхэн цухалзуулав. Учир нь шийдлийн Засгийн газар байгуулахдаа парламентад суудалтай намуудын дунд байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй байна гэж АН-ын бүлгийн гишүүд дүгнэжээ. Тэр дундаа албан тушаалтай холбоотой заалтууд хэрэгжиж,  бусад нь цаасан дээрээ үлдсэнийг Б.Гарамгайбаатар гишүүн тодотгов. Түүгээр ч зогсохгүй АН-ынхан өнгөрсөн хугацаанд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар ажилласныг ард түмнээсээ асуугаад амжжээ. АН-ынхан 1000 хүнээс судалгаа авахад 63 хувь нь улс төрийн намууд хамтарсан ч ямар ч үр дүн гарахгүй байна гэж хариулсныг учирлав. АН-ынхан улс төрийн намуудыг засагт урихдаа ард түмнээсээ асуугаагүй мөртлөө гаргах болохоороо гэнэтхэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг өөрсдөө өөлж эхэллээ.

Ингэхдээ  бүх буруугаа “Муу л юм болбол хойд гэрийн хар овоохой” гэдэг шиг МАН руу чихээд өөрсдөө цэвэрхэн үлдэхээр санаархаж байгаа нь харамсалтай. Яг энэ байдлаар МАН-ыг  Засгаас хөөвөл АН-ын  рейтинг улам л унах нь ойлгомжтой.  АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН-ын гишүүд орон нутагт ажиллахдаа малгайд нь багтсан шийдлийн Засгийн газрыг муулж байгаад дургүйцэж буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл МАН-ыг засгаас хөөх, хөөгдөхдөө тулсан асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар АН албан ёсоор хөөж туусан албан бичиг бидэнд ирээгүй байна. МАН хамтарсан засагт орохдоо өмнөх Засгийн газрын хууль зөрчсөн, хуудуутай зүйлийг хаацайлж, өмөөрөхгүй гэдгээ хэлсэн.  Зөвийг нь дэмжиж, болж  бүтэхгүйг нь сануулна гэсэн. МАН хамтарсан засагт орсон хугацааныхаа үүрэг хариуцлагыг хүлээж, ачаагаа хамтад нь үүрнэ. Үүнээс өмнөх буюу шинэчлэлийн Засгийн газрын алдаа дутагдлыг хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь өнөөдөр хэн төрийн ажлыг гацаагаад байгаа юм бэ. Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх манай бүлгийн дүгнэлт гарч УИХ-ын даргын зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь Тавантолгой АН-ын фракциудын зодооноос болж гацчихаад байгаа. МАН ахмадын зээлийн хүүг бууруулах,  малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах төсөл өргөн барьсан. Өргөн бариад гурав, дөрвөн сар болсон хуулийн төслүүд УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд хав дараастай байна ” гэлээ.  Товчхондоо МАН зургаан дэд сайдын суудлаар амаа таглуулахгүй гэдгээ ширүүхэн мэдэгдлээ. Тэгээд АН-ын бүлгийн даргын яриад байгаа шиг МАН-аас болж төрийн ажил гацсан зүйл байхгүй. Эсрэгээрээ АН-ын фракциудын зөрчлөөс болж томоохон төслүүд урагшлахгүй байгааг хүн бүр мэдэж байгаа. Иргэдийн эрх ашгийг хөндсөн гол, гол хуулийн төслүүдийг дандаа АН-ын гишүүд ахалж буй. Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Н.Батбаяр,  Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг Р.Бурмаа   Тавантолгойг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ахалж байгаа. Гэтэл ажил урагшлахгүй байгаагийн шалтгааныг МАН –руу чихэх нь дэндүү өрөөсгөл юм.

Тэгээд ч “Бид хамтдаа” аяны хүрээнд ард түмэнд худлаа ярьж тархийг нь угаасан зүйл байхгүйг МАН-ынхан хэлж байна. Бондын мөнгийг гарын салаагаар урсгаж байгааг МАН-ынхан биш АН-ын удирдлагууд ч телевизийн нэвтрүүлэгт орохдоо эхнээсээ хүлээн зөвшөөрч буй. Тиймээс  Б.Гарамгайбаатар гишүүний “МАН-ынхан мууллаа”  гэх тунирхал байгаа онохгүй байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат АН-ын бүлгийн даргад аминчлан үг дайв. Тэрбээр “АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар улс төрийн хов жив ярихдаа гарамгай юм. Хэнтийгээс Улаанбаатар хүртэлх Архангай аймгийн Чулуутаас Завхан хүртэлх замыг АН-ын бүлгийн даргын “Монроуд” компани барьж байгаа. Улсын мөнгө, бондын мөнгөөр барьж байгаа замаа гарамгай сайхан бариач ээ гэж захимаар байна” гэснийг уламжлах хэрэгтэй болов уу. Засагт хамтарсан нь амаа хамхиж,  болж бүтэхгүйг харсан ч хараагүй юм шиг таг чимээгүй суухийн нэр биш. Тиймээс цаашдаа ч болж бүтэхгүй зүйл гарвал хэлж, ярьсаар байх болно гэдгээ МАН-ын генсек Ж.Мөнхбат хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Ардын нам албан тушаалаар амаа таглуулахгүй гэсэн үг. Иргэд ч эргэж буцсан АН-ын тогтворгүй улс төрөөс аль хэдийнэ залхаж эхэллээ. Тиймээс хамтарвал хамтарсан шиг хамтраасай билээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм