УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг, Удирдах зөвлөлөөс өнөөдөр 17.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. МАН-ын УИХ дахь бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газраас гарахад бэлэн гэдгээ мэдэгдэв. МАН-ын дарга М.Энхболд “МАН зургаан сайдын суудалд хоргодоод байх зүйлгүй. Улс орноо хямралт байдлаас гаргахын төлөө ажилласан. Хамтран ажиллах гэрээг цуцлахад бэлэн байна” гэсэн юм. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН "цагаан захтанууд"-ыг өмөөрч чадахгүй. Тийм хуулийг дэмжих боломжгүй учир АН жудаггүй загнаж ийм санаачилга гаргаж байна. МАН-ын  зургаан сайд нэр төртэйгөөр ажилласан. Нэр төртэйгөөр ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна” гэлээ. Мөн тэрбээр “МАН зургаан сайдын суудалтай зууралдаад байх юм байхгүй. Гэрээг цуцлахад бэлэн. Гэхдээ хайр зарлаж, хадаг барьж ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө зургаан сайдаа огцруулах саналаа УИХ-д оруулж ирэх ёстой” гэсэн юм. Монгол Ардын Намын эл мэдэгдлээс харахад “Шийдлийн” Засгийн газраас гарах нь нэгэнт тодорхой болжээ. Ардчиллынхан олонхи болсон үед төрөө самарч, гэрээ нураадаг “гаж зуршил” нэгэнт бий болсон нь Монголын улстөрд өрнөсөн сүүлийн 10-аад хоногийн үйл явдлаас тодхон харж болно. Нэгэнт улс төрийн ийм тогтворгүй шийдвэр гаргасан эрх баригчид өөрсдөө хариуцлагаа хүлээх нь зүйтэй гэж үзэх иргэд цөөнгүй байна.