Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн  уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай болж, торгон жолоогоо өргүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнайг авч өсгий цагаан халтар азарга нь түрүүлсэн  Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн галд зочиллоо. Үүний дараа мөн их насны уралдааны түмний эхийн эзэн болсон Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн галаар зочилсон юм.

Уяачдын галд зочлохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачидтай морьдын уяа, газрын гарц, цаг агаарын байдлын талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэв.

Тэрээр уяачидтай уулзах үеэрээ "Энэ наадмаар Монголын баруун, зүүн хязгаараас, төвөөс, говиос, хангайн уулсаас гээд олон газраас морьд ирж уралдаж байна. Газар бүхэнд түрүүлж, аман хүзүүдэж, айрагдсан хурдан хүлгүүд байна. Ойрын өдрүүдэд халуун байгаа ч удахгүй бороо орох байх аа. Ган тайлагдах болов уу гэж найдаж байна. Манай нутагт нүцгэн хүн хаархаараа бороо ордог гэж хэлдэг. Энэ нь бөхчүүдийг хэлж байгаа юм. Тэгэхээр удахгүй бороо орж, гантай газруудаар ган тайлах байх аа. 

Монгол түмэн маань сайхан наадаж байна. Монгол наадам бол эртний уламжлал, сайн бүхэн шингэсэн ийм сайхан баяр юм. Эв нэгдлийн бэлгэдэл юм. Хамгийн гол нь наадамдаа оролцох нь, морьдоо уяж уралдах нь хамгийн сайхан юм. Уяачид бол монгол морины соёлыг сайхан авч яваа хүмүүс юм. Монголчууд морио унаж наадъя.Монголчууд морио, мориныхоо соёлыг дээдэлье. Үеийн үедээ уламжлуулж явъя гэсэн сайхан хөдөлгөөн орон даяар өрнөж, олон хүн оролцож байгаад би туйлын баяртай байдаг. Дэлхийд Монгол Улсыг мориор танина. Морины соёлоор дэлхий мэднэ. Монгол гэхээр хүний санаанд морь буудаг гэж ярьдаг. Дэлхийд түгсэн энэ сайхан соёлоо дээш нь улам дэлгэрүүлж явъя гэж хүсье. Наадмаар хүн бүхэн сайны ерөөлийг хэлдэг. Ерөөл бүхнээс сайхан эрчим хүч хурж байгаа.   Монгол түмний маань буян заяа өөдрөг байх болтугай. Баярлалаа" гэлээ.