Нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний их баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Төр засгийн тэргүүнүүдийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох газрууд, Олон улсын зочид төлөөлөгчдийн очих газар болон улсын онц чухал 275 объектуудад галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулахад цахилгаан хэрэгсэл, хийн баллоны хоорондын зай хэмжээ алдагдсан 187, цахилгааны уртасгагч разетканы зөрчилтэй 87, нарны шууд тусгалд хийн баллоныг байрлуулсан 403, гал унтраагуур байхгүй 136 зөрчлийг илрүүлж газар дээр нь зөрчлийг арилгуулсан.

                Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэж аюулт үзэгдэл, техникийн хобогдолтой ослын нийт 76 дуудлагаар ажиллалаа. Үүнээс объектын гал түймрийн 51 удаа, Эрэн хайх, аврах ажиллагааны 25 удаа  дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Голын усанд осолдож 6 хүн нас барж, 58 иргэнийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын аюулаас авран хамгаалсан байна.   Тухайлбал: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний доод талд 2 согтуу иргэн усанд уналаа гэсэн дуудлагыг 17:30 цагт өгснөөр Аврах ангийн эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг гаргахад иргэн Ж 68 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 62 настай эрэгтэй нар усанд унасан байсныг амь насыг нь аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.