Өнөөдөр Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн сурталчил­гаа дуусах сүүлчийн өдөр. Энэ өдрөөр нэг хүнийг бурханчлан шүтэх, тахих, сурталчлах, утга учиргүйгээр магтан бял­дуучлах өдөр дуусгавар бол­но. Ингэснээр та бид өөрсдийгөө 2009 онд очсон мэт бодох, сэтгэх, гайхах, эргэлзэх хэрэггүй болно. Үр дүнд нь “Өө, энэ Элбэгээ чинь Н.Энхбаяраасаа цааш амьтан байсан байна шүү дээ” хэмээн итгэл найдвараа хугалах шаардлагагүй болох юм.

Угтаа бол олон хүн “Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийг ардчиллыг амьдрал­тай минь золгуулсан ачтан” хэмээн хүндэлдэг. Ерөнхийлөгч болохоос нь өмнө үгийг нь ангайж, шүлсээ гоожуулж, бишрэн шүтэж, шуналтайгаар сон­согчид ч олон байсан.

 Түүн шиг өөр улстөрчийг олж харж чадахгүйдээ гутардаг нь ч цөөнгүй. Нэг ёсны тэр та бидний сайн улстөрчийн цорын ганц биет дүр төрх, үлгэр жишээ байсан юм. Гэвч өнөөдөр бол үгүй. Тэр өөрчлөгдчихөж. “Ардчилал бол бүх ард түмний гэрэл гэгээ, үнэт зүйл байх ёстой. Би бол ардчиллын боол юм” гэх утгатай үгс нь бүгд худлаа болж таарлаа. Тэр өөрөө ардчиллыг баллуурдагч болчихлоо. Тэр бидний итгэл үнэмшлийг, өөрийг нь бишрэн шүтдэг байсан тэр үнэн сэтгэлийг зүгээр л гишгээд гишгээд, тасдаад тасдаад хаячихлаа. Та нарынхыг ч бас адилхан. Ингэснээрээ тэрбээр Н.Энхбаяраасаа муухай болж харагдаж, ойлгогдож эхлэв.

Үүний тулд бүгдээрээ 2009 оныг эргэн санацгаая. Тэр дундаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг. Энэ үед Монгол Улс албан бус хаантай байсан нь Н.Энхбаяр. Түүний сонгуулийн сур­тал­чил­гаа бүхэлдээ солио­рол, дарангуйлал, басамжлал, ихэрхэл байсан. Монголын нэр алдартай бүх хүн “Н.Энхбаяраас өөр Ерөн­хийлөгч Монголд хэрэггүй” хэмээж байв. Гудамж талбай бүхэлдээ Н.Энхбаярын зургаар дүүрч Самбарбаяр нэр хүртэл өгөхөд хүргэсэн. Намынх нь залуус түүний төлөө “Number one” хөдөлгөөн өрнүүлж, Н.Энхбаяргүйгээр Монгол сүйрэх мэт сэтгэгдлийг төрүүлж байлаа. Н.Энхбаяр байгаагүй бол их өр тэглэхгүй байсан. Н.Энхбаярын хүчинд монголчууд сунаж мөргөх Жанрайсэг бурхантай болсон. Н.Энхбаяр гэдэг хүн гарч ирснээр төрийн тогтворгүй байдал намжиж, Ардчилсан намын арчаагүйтлийг таслан зогсоосон. Н.Энхбаяр гэдэг хүн Монголд хүн болж төрсөн нь монголчуудын хувьд их хувь заяа гэх мэтээр сурталчилж байв. Нэг ёсондоо Монгол Улсын 2.7 сая хүнийг шуудхан л Н.Энхбаяр ба бусад гэсэн ангиллаар хуваасан байсан юм. Сурталчилгааных нь цар хүрээний тухайд ярих ч юм биш. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бүхэлдээ Н.Энхбаярын талд ажиллаж, сонины нүүр хуудас, телевизийн цэнхэр дэлгэц нэлэнхүйдээ түүнийг магтах ганц зорилготой болсон байлаа. Үүнийх нь хүчинд өрсөлдөгч Ц.Элбэгдорж нь Н.Энхбаярынхаа хажууд бичил биетэн мэт харагдаж байв.

Харин өнөөдөр бол эсрэгээрээ. Ц.Элбэгдорж нь аварга биетэн болж өрсөлдөгчид нь бичил биетэн болох нь тэр. Нэг ёсны Н.Энхбаяр тухайн үед Монголыг хаанчилж байсан шиг өнөөдөр Ц.Элбэгдорж хаанчилж байна. Магадгүй зарим талаараа тэрбээр Н.Энхбаяраасаа ч илүүтэйгээр хаанчилж байгаа нь харагдаж байна. Сонгуулийн сурталчилгааны тухайд бол ярих ч юм биш. Телевизүүдийн мэдээ болон ярилцлагын цаг нэлэнхүйдээ түүний сурталчилгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар бүхэлдээ Ц.Элбэгдорж гэх хүний төлөө ажиллаж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гэхэд хэдэн ч удаа телевизээр хууль бусаар Ц.Элбэгдоржийг магтав. “Иргэний танхим байгуулсан иргэнлэг хүн” л гэнэ. “Аль  тэр Америкаас Т.Ба­таарыг авчирсан айхтар хүн” л гэхийн. Зөвхөн нэр алдартай “од” маягийн хүмүүс төдийгүй динозаврын араг яс хүртэл Ерөн­хийлөгчийн сурталчилгаа бол­чихсон тууж яваа нь энэ. Тэр битгий хэл орой бүр түүнийг магтаж, бусад хоёр нэр дэвшигчийг муулдаг олон ангит кино гарч байна. “Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болно гэж юу байдаг юм. Манайхан худлаа Өмнөд Солонгос, Германыг дуурайж байгаа юм. Ёстой санаанд буухгүй юм аа” ч гэх шиг. Тэгснээ “Бөх хүн Ерөнхийлөгч болно гэдэг бүтэхгүй ээ” гээд л. Харин Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнийг бол гайхамшигтай сайхнаар магтана.

Н.Энхбаяраас илүүрхэх, түүнээс муухай харагдаад байгаа дараагийн үндэслэл нь “Би”-гийн өвчлөл. Ерөнхийлөгчийн үүрэг нь хуулиараа УИХ болон Засгийн газрын ажилтай хутгалдахгүй байх. Гэтэл Ц.Элбэгдорж байхгүй бол Ардчилсан нам авлигатай тэмцэж чадахгүй. Ц.Элбэгдоржийг сонгоогүй тохиолдолд төмөр зам гацна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохгүй бол найман хувийн зээл зогсоно. Тэр л байхгүй бол оюутны 70 мянга цуцлагдана гэнэ. Хамгийн аймар нь Ц.Элбэгдорж сонгогдохгүй бол төр бүхэлдээ, цаашлаад улс үндсээрээ сүйрэх юм байх. Уг нь тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Төрийн эрх мэдэл бүгд нэг талд гарлаа. Энд хяналт хэрэгтэй. Би тэр хянагчийн үүргийг гүйцэтгэж, энэ хуйвалдсан авлигачдыг хяная” хэмээн өөрийнхөө амаар өөрийгөө сурталчилж байсан юм. Одоо харин  “Төрийн эрх мэдэлд бүгд нэг талд байх ёстой. Ардчилсан нам бүгдийг удирдах ёстой. Тэгж байж улс хөгжинө” хэмээх болж. Үүгээрээ тэрбээр монголчуудыг ой санамжгүй мэт гутаан доромжилж байгаа хэрэг.

Энэ янзаараа тэрбээр дахин сонгогдлоо гэхэд юу яасан Н.Энхбаяр болж мэдэх л юм. Одоо Н.Энхбаяраасаа ч муухай харагдаж эхэлснээс нь бодоход шүү дээ. Ядаж л Н.Энхбаяр нь дарангуйлагч болж харагдахаас, бодогдохоос, айлгахаас ичдэггүй байсан. Үүгээрээ тэрбээр Ц.Элбэгдоржоос хамаагүй илүү ил тод, өөрийнхөөрөө нэгэн байж чадсан. Харин Ц.Элбэгдоржийн ардчилал гэсэн маскийн ард дээрх үнэн нуугдах болсон нь дэндүү аймшигтай. Тийм ч учраас өнөөдөр “Н.Энхбаяраас муухай Элбэгээ” хэмээж байгаа бол маргааш “Н.Энхбаяраас илүү аймар Элбэгээ” хэмээн зүрх чичрэх үе цаг хугацааны хувьд нэг их хол биш байж мэдэх л юм. Ил тодоор хууль зөрчин хуулийг гууль болгож, гуулийг хууль болгон байгаагаас нь харахад шүү дээ.