“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам /ХАХНХЯ/, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Залуучууд судлал” уралдаант эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд өрсөлдөхөөр залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоо, сэтгэл зүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц таван гол сэдвээр 50 гаруй илтгэгч бүртгүүлсэн юм. Үүнээс шалгарсан 20 илтгэлийг эрдэм шинжилгээний бага хурлын үеэр танилцуулж, шилдгүүдийг шалгарууллаа.  Нэгдүгээр байрт ШУТИС-ийн багш, доктор, дэд проффесор Д.Даваажавын “Ажлын байранд шаардагдах хэрэглээний боловсролын инноваци, хэрэгжилтийн үр дүн” илтгэл шалгарч, “Залуучууд судлал-2015” цомын эзэн боллоо. Харин хоёрдугаар байрт Монгол Үндэсний хөгжлийн төлөөх оюутны холбооны тэргүүн Э.Батсайханы “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд залуу хүн миний оролцоо”  илтгэл, гуравдугаар байрт Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнийн “ Залуучуудын гэр бүлийн боловсролын өнөөгийн тулгамдаж буй асуудал” илтгэл тус тус шалгарлаа.

Энэ удаад төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, их дээд сургуулийн багш, оюутнууд мөн залуу эрдэмтдийн төлөөлөл зэрэг нийгмийн бүх салбарыг хамруулж, цар хүрээгээ өргөтгөсөн юм. Түүнчлэн Их дээд сургуулиудын доктор, профессорууд өргөнөөр оролцсон нь энэхүү эрдэм шинжилгээний хурлыг улам үнэ цэнэтэй болголоо. Мөн “Энэ удаагийн илтгэлүүдэд төр засаг болоод их дээд сургуулиудын хөтөлбөрт тусгац болохуйц шинэлэг санаа цөөнгүй байлаа. Илтгэгчдээс гаргасан шинэ санаануудыг хэрэгжүүлбэл Монгол Улсын хөгжилд тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулах боломжтой байна” гэдгийг шүүгчид онцолж байсан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Их сургуулийн доктор (ph), профессор Дo.Цэнджав, Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхмийн багш, доктор (ph), дэд профессор Д.Бумдарь, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (ph) М.Золзаяа болон Монголын Залуучуудын Холбоо, ХАХНХЯ-аас төлөөлөл оролцлоо. Шилдэг илтгэгчийг илтгэх урлаг, асуултад хариулах чадвар, судалгааны ажлын үндэслэл, залуучууд судлалд хэрэгцээ шаардлагатай сэдэв мөн эсэх, шинэлэг санаа, практик ур чадвар, цаг барих байдлыг харгалзан үзэж шалгаруулсан байна.

Ийнхүү залуучуудын хөгжлийн асуудалд залуучууд, эрдэмтэн судлаачид өөр өөрсдийн дуу хоолойгоо хүргэж эрдэм шинжилгээ, судалгаа, аргазүйн хувьд өндөр үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.