Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр дарга танд энэ өдрийн мэндийг хүргэе. Зутруухан өвлийн гандуухан өдөр танд өөрийн биеэр захидал бичиж байна.

Таны бие чилээрхүү байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авч байна. Таны төлөө хөдөөнийхөн сэтгэл нь зовж байгаа. “Энэ юу л болоод байна. Төрийн тэргүүн байсан хүнээ ингэж болдог юм уу? энэ арай л хэтэрнэ” хэмээн хүмүүс таныг цагаахан өмөөрч байна. Ерөнхийлөгч байхдаа та их тэнгэрийн ам төрийн ордны хооронд явдаг маршруттай байсан бол одоо та эмнэлэг, шорон хоёрын дунд явдаг маршруттай болжээ. Таны төлөө олон ээжүүд, эмээ нар өлсгөлөн зарлаж байгааг сонслоо. Гэхдээ гадуур янз бүрээр л ярих юм. Мөнгөний төлөө ч гэж хэлж байна. Ямар ч байсан надад хамаагүй ээ.

Эрхэм экс ерөнхийлөгч өө. Миний бичсэн захиаг хэзээ уншихыг мэдэхгүй. Гэхдээ таны өлсгөлөн зарласан хүмүүст бичсэн урт захидлыг үзсэн. Ямарч байсан энэ захидал хичнээн орон зай, цаг хугацааг туулан таньд хүрэхийг би мэдэхгүй. Хүний үг зээллээ.

Таныг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх үед хөдөө нутгийн сурагч надад “аймшигтай дарангуйлагч” шиг сэтгэгдэл төрүүлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр таны тухай мэдээлдэг байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг хүнийг хараар ч, цагаанаар ч ерөөсөө хүссэнээрээ буддаг эд юм даа. “Яанаа ийм айхтар дарангуйлагчтай болчих гэж. Энэ хүн хэзээ ч албан тушаалаасаа буухгүй бол яана” хэмээн төсөөлөн бодож, төсөөллөөсөө айдаг байсныг хэлээд яах вэ? Дарангуйлал тогтвол олон олон мөрөөдөл устана гэдгээс айсан юм. Бусдын заасан замаар амьдарна гэдэг төсөөлөхөд бэрхтэй.

Магадгүй та дарангуйлагч болохыг хүсдэггүй байсан байж болно. Гэхдээ таны үйлдэл дарангуйллын үнэр үнэртүүлдэг байж болно. Түүнийг нь сөрөг хүчнийхэн нь давс хужрыг нь нэмээд ард түмэнд мэдээлдэг байсан байх.

Таныг 2009 онд албан тушаалаа өгч “жирийн иргэн” болох үед л таны тухай алдаатай төсөөлөлтэй байсан юм байна гэдгээ ойлгосон. Тэр юу вэ гэвэл нөгөө аймар “дарангуйлагч” гэсэн хуурамч төсөөлөл. Хэрэв та дарангуйлагч байсан бол эрх мэдлээ үргэлжлүүлж нэгэн насаараа суух байсан байх.

Гэхдээ би таныг өрөвдөхийн хажуугаар бас шуудхан асуучихмаар, хэлчихмээр зүйлүүд байдаг юм. Та төрийн өндөр албан тушаалд байхдаа юу хийсэн бэ? Их өр болон мянганы зам гэх мэтийг ярьж болно. Гэхдээ таныг төрийн оройд гарч ирэх үетэй зэрэгцэн Монголд авлига хүчээ авч, жинхэнэ олигархиуд бий болсныг та мэдсэн үү? Түүний та нэг гэдгээ мэдэж байгаа биз дээ. Өнөөдрийн АН, МАН бол дүүрэн олигархиуд байна. Тэд хэзээ ч Монгол орныг хөгжүүлж, шударга ёсыг тогтоож чадахгүй гэдэг нь тодорхой.

Таныг Монголын ард түмэн төрийн гурван өндөрлөгт суулгасан. Энэ бол их хувь заяа. Гэхдээ та энэ ард түмний төлөө юу хийсэн бэ? Та шоронд ганцаардан гунихарч суухдаа, эмнэлэгт өвчиндөө шаналж байхдаа, мөрдөнд өлсөж байхдаа энэ тухай бодсон уу? Та одоо бодож байна уу? Эсвэл яаж эргэж албан тушаалдаа очих вэ? гэсэн өшөө хорслоор юманд хандаж байв уу?  Та бол буддийн шашинтай хүн. Та үзэн ядалт үзэн ядалтыг төрүүлдэг гэдгийг сайн мэдэж байгаа.

Таныг МАХН-ыг байгуулаад явахад одоо л Монголд шударга ёс тогтох нь, одоо л сайхан цаг ирэх нь гэж бодож байсан. Гэвч та ард түмнийхээ төлөө биш харин та албан тушаалд хүрэхийн төлөө л зүтгэсэн. Хүний шунал хязгааргүй гэдэг. Гэхдээ хүн шунал хүслээ хянах ухамсартай байх ёстой гэж би боддог.

Та бол олон хүний хүндэтгэлийг хүлээсэн хүн. Гэхдээ таны сүүлийн үед гаргаж байгаа үйлдлүүд ард түмэнд таалагдахгүй байна. Мэдээж тэнгэрт амьдарч байсан хүнд газар дээр бүүр шоронд байх ямар хэцүү байгааг ойлгохыг хичээж байна. Гэхдээ та боловсролтой, мэдлэгтэй хүн. Аливаа асуудлыг зөв дүгнэж, асуудалд нухацтай хандаж чадна шүү дээ. Таны дэргэд мэдээж “ерөнхийлөгч өө” хэмээн дуудан бялдуучлагчид олон байгаа.

Муйхарлан зүтгээд сайн юманд хүрэхгүй ээ. Олны дургүйг л хүргэхээс хэтрэхгүй. Таныг авлигын хэргээр баривчлагдсны дараа олон хүмүүс одоо араас нь авлигал авсан хүмүүсийг үргэлжлүүлэн шалгах байх хэмээн найдаж байсан. Гэвч хэнийг ч шалгаагүй. Энэ бол хэн нэгнийг мууг үзэх биш харин шударга, үнэнийг л хүсэж байсны илрэл.

Та шударга үнэний төлөө зүтгэж байгаа бол энэ аргаараа бүтэхгүй ээ. Харин та өнөөдрийн Монголын төрд өндөр алба хашиж байгаа хүмүүсийн идэж, уусныг нь илчлэх хэрэгтэй. Хүний гараар могой бариулах гэж байна гэж битгий бодоорой. Ингэж илчилж байж л энэ оронд таны хүсээд байгаа шударга ёс тогтох боломжтой. Ард түмнийхээ төлөө хийх хамгийн том ажил байх болно. Гэхдээ таныг төрийн хамгаалалтанд эхлээд авах ёстой. Үүний дараа та ярьж болно.

Яруу найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ “Амьд атлаа үхсэн мэт хүн байна, үхсэн атлаа амьд мэтхүмүүс байх юм гэж хэлсэн байдаг.Та зуун зуун жил дурсах тэр л гавъяаг энэ ард түмэндээ үлдээх хэрэгтэй.

Энэ бүхний бичихээр хүмүүс янз бүрээр л ойлгох байх. Гэхдээ би энэ ард түмнээ бодоод танд энэхүү захидлыг бичиж байна. За ингээд захидлаа төгсгөе. Урт бол уншихад төвөгтэй биз дээ. Энэхүү захидлаа сайн сайхан гэсэн үгсээр төгсгөж болохгүй нь. Шоронд ямар юмных нь сайн сайхан байх вэ дээ. Гэхдээ Чин ван Ханддорж “Зөв сэтгэлтэй хүнийг эх орон нь голдоггүй юм” гэсэн үгээр захидлаа төгсгөе. Сайн бүхэн дэлгэрэх болтгуай.