Сүрэн гэж хаанаас нь ч харсан сайхан бас ажилдаа хачин сайн бүсгүй манайд ажиллаад удаж байгаа юм. Сүрэн энэ хориод жил бидэнтэй хамт ажиллахдаа ажлаа хий дүүлж, тасалж ер нь бол элдэв асуудал огтоос ч гаргаж байгаагүй тиймдээ ч тэр хэлтсийн дарга, сүүлдээ дэд захирал хүртэл болсон. Сүрэн хотын төвд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Биеэ бүр залуугийн л сайхан авч явдаг болохоор Сүрэнг манай ажлынхан бараг л төгс шахуу хатуу чанга хийгүй эмэгтэй гэж хоорондоо шивэр авир хийнэ. Манайхан л болсон хойно баяраар хальж бие биенийхээ гэр орноор орж гарч ууж идэх ч хэн ч Сүрэнгийнд очиж байгаагүй, тэр ч бүү хэл түүний нөхөр, хүүхдүүдийг ч ганц удаа харсан хүн байхгүй гэлцдэг . Баяр ёслолоор Сүрэн бидэнтэй нийлж ууж идэж хөөрч баярлах ч нэг ч удаа хэтрүүлэн хэрэглэх нь байтугай илүү дутуу ааш аяг гаргаж байсангүй. Тийм л зарчимтай бүсгүй. Бид заримдаа түүнийг "төмөр хатагтай" гэж хоорондоо шивэр авир хийх ч, тэр дээр доор гэж хэнийг ч ялгахгүй инээмсэглэн мэнд устай явах болохоор "төмөр хатагтай" гэх нэршил түүнд бас төдийлөн зохимжтой бус. Тэр найз нөхөдтэйгөө байтугай цэвэрлэгчид бидэнтэй ч ихэд нийтэч хүн.

Ер нь бол өөгүй төрсөн хүн шүү дээ. Гэхдээ л манай ажлын галзуу Булган нэг удаа согтчихоод хамгийн өөгүй харагддаг хүнд хамгийн том өө бий гэж хэлж байсан удаатай.

Сүрэн захирал шинэ байранд орсон болохоор гэр орныхоо ажлыг хамжилцуулахаар надаас гуйлаа. Би ч энэ хамт олны дунд цэвэрлэгч нэртэй бас авдаг хэд минь амьдралд минь төдийлөн хүрдэггүй тул Сүрэн захирлын хэлсэн мөнгөний тоо намайг дуртайяа аргагүй түүний гэр лүү хөдөлгөсөн билээ. 
Сүрэн сайхан байранд оржээ. Цоо шинэ будаг нь ханхалсан байранд ундуй сундуй тавилга, хувцас хунар хөглөрнө. Сүрэн ажил дээрээ үргэлж инээмсэглэж явдаг хүүхэнд гэртээ харин тэр инээмсэглэлийн мөр байсангүй. Түүний хоёр хүүхэд бас нөхөр нь ч огтоос инээхгүй бас шуугилдахгүй юм. Уг нь манай хэд ийм сайхан байранд орсон бол инээлдээд шуугилдаад л хөөрч баясаад энийг энд, үгүй ээ тэнд өлгөе гэж ирээд л сүйд болцгоож байсандаа. Би ч дотроо нэг л сонин болоод өөрийн эрхгүй инээмсэглэж байснаа тэрүүхэндээ царцаав.Өдөржин Сүрэнгийнд түүний энд, тэнд тавь, задал, өр гэсний дагуу бүгдийг хийлээ.

Одоо л баглаастай байсан бүхэн байраа олж Сүрэнгийн гэр орон цэгцэрч эхэлсэн ч үнэтэй чанартай сайхан эд тавилгууд яагаад ч юм инээдэггүй бас хоорондоо ярьдаггүй тус тусдаа юмаа хийх эзэдтэйгээ ижилхэн зэвхий дааж харагдана.

Гал тогооны өрөөнд Сүрэнгийн нөхөр хоол хийж байгаа бололтой үнэртэх аж. Өглөөний цайгаа ч ууж амжилгүй ирсэн миний гэдэс өлсөх гэж жигтэйхэн. Хурдан л хоол нь болж идэхсэн гэж бодно. Гэтэл удалгүй хонх дуугарч том охин нь очиж онгойлгоод пицца авчраад өрөөндөө орчих юм. Тэгээд дүүгээ дуудан пицца идвэл ид гэлээ. Хүү ч пиццаны сургаар эгчийнхээ өрөө үрүү чавхдав. 
Сүрэн чимээгүй л юмаа янзалсаар байх тул би ч ажилсаар л орой бүрэнхий боллоо.

Ямартай ч Сүрэнгийн бүх зүйл цэгцэрчээ. Цоо шинэ байранд сайхан тавилга тавьсан ч тэр айл огтоос сайхан харагдахгүй байгаад би дотроо ихэд гайхаж байсан ч хурдан л муу ядуу гэртээ очиж хоёр зулзага бас хааяа архи хүртэж уур хүргэдэг ч хоолоо инээд баяр дүүрэн хувааж идээд хөлөнд минь массаж хийж бас нурууг минь базаж өгдөг нөхрөө, ээжийгээ баярлуулах гэж шулганаж, дуулж бүжиглэх хоёр хүүхдээ маш их санав. Манайд Сүрэнгийнд байдаг шиг тавилга, бас шинэ байр байхгүй ч хүүхдүүд минь бас нөхөр минь намайг ирэхээр хамт идэх гээд хоол цайгаа халуун байлгах гэж ээжийн минь үстэй дээлээр хучаад хүлээж байдаг нь нүдэнд харагдлаа. 
Бүтэн сар ажиллаад авдаг мөнгөө ганцхан өдөр ажилаад Сүрэнгээс аваад гарч байхдаа гарт атгасан тэр мөнгөнөөс минь хүртэл хүйтэн жавар үлээх шиг л даарч байв.

Маргааш юу ч болоогүй мэт инээмсэглэл цацраасаар орж ирдэг Сүрэн захирлын царайг харах бүр хүйт даасан жавар сэвэлзсээр л өнгөрөхийг би биш ар нуруу минь хүртэл мэдэрч байлаа.

                                                              Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот. (Номын хэсгээс авав)