ШӨХТГ нь 2015 оны байдлаар зах зээлд зүй ёсны болон давамгай байдалтай 321 аж ахуй эрхлэгчдийг тогтоосны 59,1 хувь буюу 190 аж ахуй эрхлэгчид нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ч тэдгээр аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тэр бүр хяналт зохицуулалт хийж чадахгүй, зөвхөн орон нутгийн өрсөлдөгч хэрэглэгчдэс ирсэн гомдлыг шалгаж барагдуулах хэмжээнд ажиллаж байна. Энэ нь аймаг орон нутагт ШӨХТГ нь бие даасан бүтэцтэйгээр тогтмол хяналт зохицуулалтыг хийх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулж ажиллах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм. Энэ талаар ШӨХТГ-ын Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж дорвитой ажиллаж байгаа нь танайх. Гэвч орон нутгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал эзэнгүйдсэн хэвээр байгаа?

-Монгол Улсын нийт газар нутгийн 99.7 хувь нь 21 аймагт хуваагдаж, хөдөөд 1.6 сая хэрэглэгч аж төрж байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 0.3 хувь буюу Улаанбаатар хотын 1.3 сая хүн амд бид хүрч ажиллаж байна. ШӨХТГ 2004 онд байгуулагдахад 25 хүний орон тоотой байсан. Тэр үеийн  байдлыг өнөөдөртөө харьцуулахад хяналт шалгалтын ажил 45.8 дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Тухайн үед жилдээ 25 удаагийн хяналт шалгалтын ажлыг хийдэг байсан бол өнгөрсөн жилд гэхэд нэг байцаагчид ногдох хяналт шалгалтын тоо 40 гаруй болсон. Үүнээс үндэслээд орон нутагт салбараа байгуулах шаардлага зайлшгүй бий болж байгаа юм. Өрсөлдөөний тухай хуулийн 14.3-т ШӨХТГ улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана гээд заачихсан байдаг ч өнөөг хүртэл бүрэн биелүүлж чадаагүй хэвээр л байна.

-Хуулийг яагаад хэрэгжүүлэх боломжгүй байна вэ?

-Том бэрхшээл нь эдийн засгийн асуудал. Агентлагийн бүтэц, орон тоог Засгийн газраас баталдаг. Өнөөдрийн байдлаар Засгийн газраас манай байгууллагын бүтэц орон тоо, цалин нэмэх асуудлыг шийдэх битгий хэл төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар танах асуудал яригдаж байна. Гэхдээ ийм байна гээд бид Засгийн газрыг хүлээх шаардлагагүй гэж үзсэн. Энэ ч учраас ШӨХТГ-ын орон нутагт хүрч ажиллах төсөл боловсруулаад байна. Төсөл хэрэгжвэл 21 аймагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төвөө байгуулан улсын байцаагчтай болж тэднээр дамжуулж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, Зар сурталчилгааны хуульд хяналт тавих, Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ талаар бид өмнө нь 21 аймгийн Засаг дарга нараас санал авсан. Тэд уриалгахан хүлээж авч, улсын байцаагч нарт ажлын байр гаргаж өгөх боломжоор хангахаа илэрхийлсэн байгаа. БНХАУ-д Үйлдвэр худалдааны удирдах газар гэж манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг. Тус байгууллага 450,000 ажилтантай. Тэр байгууллагатай харьцуулбал манай ШӨХТГ-т 1000 хүн ажиллах тооцоо гарч байх жишээний. Мөн Японы Шударга худалдааны хороо 799 ажилтантай. Түүний 456 нь улсын байцаагч. Япон, Хятад олон хүн амтай улс. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл бусад улс бизнесийн орчин, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнийг шударга байлгахын тулд төрийнхөө байгууллагыг ингэж хүний нөөцөөр нь хангаж анхаарал хандуулж ажилладаг юм байна. Энэ ч үүднээс манай төр засгийн зүгээс ШӨХТГ-ын хүний нөөцөд анхаарал хандуулах цаг нь болсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

-Төслийн журмаар төрийн ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй биш үү?

-Бид эхлээд өөрсдөөс шалтгаалах ажлыг хийгээд үр дүнг нь гаргачихаад түүн дээрээ суурилаад улсаас цалинжуулдаг зорилт руу явж байна. Төслийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, өөрийн харьцдаг донор байгууллагуудаас дэмжлэг хүсч байгаа. 21 аймагт салбар байгуулагдахад техник тоног төхөөрөмж, тэнд ажиллах байцаагчийн цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөн томилолт, хяналт шалгалтын ажлын зардалд дэмжлэг үзүүлэх шаардлага төслийн хүрээнд тулгарч байгаа. Төслийг 18 сарын хугацаанд хэрэгжүүлсний дараагаас үр дүнгээ харна гэж төлөвлөж байна. Энэ нь хүний нөөц нь чадавхижсан, улсын байцаагч хэрэглэгчдэд хүрээд эрх ашгийг нь хамгаалчихсан байх хугацаа юм. Үүний дараа Засгийн газарт ШӨХТГ-ын бүтэц орон тоог нэмэгдүүлэх, улсын төсөвт цалингийн зардлыг суулгаж өгөх талаар дэмжлэг хүсэх юм.