УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах зургаан зүйл ангийг дэмжих эсэх дээр тус бүрээр нь санал хураалт явуулсан юм. Ингээд "Бусдын эд хөрөнгийг завшсаныг" л зөвхөн өршөөхөөр болж, Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр заалт, залилан, Авлига, албан тушаалтны хэргүүдийг өршөөхгүй байхаар боллоо. Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 91.2 хувийн саналаар дэмжин баталсан бөгөөд хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм.
Уг хууль батлагдсанаар 1700 орчим иргэн шоронгоос суллагдана.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй болсон нь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын цаашдын улс төрийн үйл ажиллагаатай шууд хамаатай шийдвэр юм. Ингэснээр 2013 онд уучлагдсан Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа хүчинтэй хэвээр үлдэх төдийгүй МАХН-ын байрыг бусдаас залилсан хэргийн мөрдөн байцаалт үргэлжлэн явагдана. Энэ тохиолдолд тэрээр төрийн өндөр албан тушаал хашиж, УИХ-ын болон бүх шатны сонгуульд өрсөлдөж чадахгүй төдийгүй дахин ял сонсож магадгүй юм.

П.Мандах

sonin.mn