Өчигдөр УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж батаЛсан байгаа. Уг хуульд бусдын хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг 5 саналыг нэмээд баталлаа.



Харин авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг,төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргүүдийг өршөөлд хамруулахгүй боллоо.

 

Өөрөөр хэлбэл, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй хэрнээ бусдын хөрөнгийг хууль бусаар зарцуулах хэргийг хуульд тусгаж өгсөн юм. Мөн төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй болж харин төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх хэргийг өршөөхөөр хуульчиллаа.

 

Үүнийг зарим иргэд "нэрийн дор", "хайцайлж" гэх мэтээр ойлгож байгаа бол Өршөөлийн хуулийг биелэлээ олохыг хүлээж байсан хүмүүсийн хувьд баяртай үйл явдал болсон юм.



Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн гэхэд болно. Гагцхүү хууль хэрэгжиж эхлэхэд үүсэх үр дагаврыг судалсан ажлын хэсгийнхний бэлэн байдал хэр хэмжээнд байгаа нь тодорхойгүй байсаар байна.

 

Тодруулбал, өнөөдрөөс 730 хүн шууд суллагдахаар байгаа бөгөөд 970 хүн хорих ялаасаа 2 жил хасуулснаар суллагдах юм байна. Өөрөөр хэлбэл, нийтдээ 1700 хүн өршөөлд хамрагдаж суллагдана.


Харин хорих ялаасаа хоёр жил хасуулсан ч цаашид үргэлжлэн хоригдох 770 хоригдол байгаа аж. Тэгвэл өнөөдрөөс хууль хэрэгжиж эхэлсэн учир суллагдсан хүмүүсийг ар гэрт нь хүргэх, нийгэмшүүлэх гээд олон асуудлууд тулгарч эхлэх нь.

 

Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр зарим гишүүн "бөгс долоогч" болж, харин зарим нь "улайран тэмцэгч", "Ард иргэдийн хардлагыг тайлагч" болж хувирав. Мэдээж хэн хэнд нь ашиг сонирхолын хийгээд зорилго байсан нь ойлгомжтой. Гэвч эцсийн дүндээ Өршөөлийн хууль олон жил хүлээлгэсний эцэст ийн батлагдлаа.

 

Өршөөлийн хуулийг анх хуульчлахад учир мэдэх хүмүүс МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулагдсан гэж байсан ч авлигын хэргийг өршөөлд хамруулаагүй учир "Авлигын загалмайлсан эцэг" гэгдэх Н.Энхбаярын нэр цэвэр үлдэх шиг боллоо.

 

Гэхдээ эрх мэдлээ хэтрүүлсэн төрийн албан хаагчдаас эхлээд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нэр бүхий этгээдүүд өршөөгдөх нь гарцаагүй болж байгаа юм.

 

Дашрамд хэлэхэд, хууль хэрэгжиж эхэлснээр мөрдөн байцаалтад байгаа хэргүүд өршөөгдөж, эдлээгүй үлдсэн ялын хэмжээнээс хасагдаж эхлэх юм. Мөн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ хууль үйлчлэхгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй биз ээ.

Д.Дуулим

http://www.24tsag.mn