Дайны үед “байлдааны аргаар тагнах” гэсэн нэг үгийг цэргийнхэн хэрэглэдэг юм. АХХ саяхнаас, “Н.Алтанхуяг нар өөр нам байгуулахаар шийджээ”, “Н.Алтанхуяг нар намаа Дээд шүүхэд бүртгүүлснээ маш ихээр нууцалж байна” гэх мэтийн зар мэдээг сошиал ертөнцөөр ийш тийш нь баахан илгээлээ.

 

Энэ бол намынхаа наашаа харахгүй болов уу гэсэн хэсгийгээ өдөж, нэг ёсондоо “байлдааны аргаар тагнаж” байгаа хэрэг юм. Зорилго нь ч тодорхой. Ингэснээр Норовын хүүгийн уур хүрч, шууд шинэ нам байгуулж магадгүй гэсэн горьдлого. Хэрвээ тэгвэл Ардчилсан хүчнний холбоогоо шууд нам болгох маш хялбар зам тэдний өмнө нээгдэнэ гэж тооцож буй хэрэг л дээ. Ер нь манай З.Энхболд дарга тун ухаантай. Бие нь жижиг хэрнээ тун алсыг харна. Нөгөө их хурал дээрээ фракцгүй нам болно гээд байсан нь яваандаа Ардчилсан нам устаж, Ардчилсан хүчний нам байгуулагдана гэдгийг л давхар санаагаар зарласан хэрэг ажээ.

 

Э.Бат-Үүл: Сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү.

 

Н.Алтанхуяг нар тэдний хүсч байгаа шиг тусдаа нам байгуулаад гарахгүй бол АХХ-ныхон, “Шонхор” фракц нийлээд нам байгуулан гарах магадлал өндөр. Тэдэнд УИХ-ын сонгууль энэ тэр, улс орны ирээдүй хойч огтхон ч падгүй. Нам нь бол бүр ч падгүй. Энэ сонгуульд “будаа” болсон ч ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийг товлочихоод ийм алхам хийхдээ огтхон ч сийхгүй хүмүүс. Эд нарын дотор нам байтугайг "хороож" явсан гэх нөхөр ч бий гэлцдэг биз дээ.

 

З.Энхболд, С.Эрдэнэ нар л гэхэд намаа “алж” байсан арвин туршлагатай нөхдүүд. Мартаагүй бол 2000 оны УИХ-ын сонгуулийг эргээд санаарай. З.Энхболд дангаараа орно гэж зүтгүүлсээр байгаад Ардчилсан холбоо эвслээс МСДН-ыг гарган, түүнийг задалж байлаа. С.Эрдэнэ МҮАН-ыг хагалан МоАН-ыг байгуулж байв. Ийм хүмүүст МоАХ битгий хэл АН-аа “алах” юу ч биш гэдэг тун тодорхой байгаа биз. Тиймээс тун удахгүй цаг бусаар “нүд аньсан” "МоАХ болоод АН эх нутгийнхаа ариун газар шороонд тавтай нойрс" гэсэн үгийг шинэ намын хурал дээр эдгээр хүмүүс зарлаад зогсч байхыг үгүйсгэхийн арга алга. Муу юм цаагуур өнгөрөх болтугай. Түй, түй, түй.

 

Ингэхэд сонгуульд хаяанд ирлээ гэдгийг дахин хэлье. Яагаад гэхээр ирэх “тулаанд” нам өдгөө аль хэдийнэ бэлэн болчихсон байх ёстой учраас тэр. Сонгуульд л ялахын төлөө явахгүй юм бол элэнцгийн нь нам байхав. Тиймээс юуны өмнө өнгөрсөн цаг хугацаагаа эргээд нэг санацгаая.

 

2000 онд зун сонгуульд ялагдсан намын лидер Ц.Элбэгдорж, УИХ-д нэр дэвшээд ялагдсанЧ.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд, Д.Одхүү, Б.Золбаяр нар АНУ-руу яваад сураггүй болов. Нэг ёсондоо намынхныхаа өмнө гарах нүүргүй болсон тул хэсэг зуур мартагнуулахаар зугатаасан хэрэг л дээ. Харин тэр үед хаа очиж өдгөө хамаг муу муухай бүхний нэр хоч зүүгээд байгаа Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр нар, “Гагарин” Д.Ганхуяг, Д.Дорлигжав, С.Эрдэнэ нарыг уруу татан АН-ыг байгуулж, аядуу Д.Дорлигжавт “Үхрийн бөөр” шиг юмыг атгуулав. Мөн 2000-2004 онд Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар хэрэлдэж зодолдож байсан ч намаа босгож аваад, энэ хугацаанд ялагдаж ч үзэв, ялж ч үзэв, ер нь янз янзын л юм болов. Тэгээд удирдлагын жолоогоо харийн оронд гэгээрсэн Ц.Элбэгээд атгууллаа.

 

Тун удахгүй цаг бусаар “нүд аньсан” "МоАХ болоод АН эх нутгийнхаа ариун газар шороонд тавтай нойрс" гэсэн үгийг шинэ намын хурал дээр эдгээр хүмүүс зарлаад зогсч байхыг үгүйсгэхийн арга алга.

 

Гэтэл 2008 оны хавар Ц.Амаржаргал, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Болд, Н.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга Д.Батаа нарын хүмүүс дээр Д.Одхүү, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар нэгдэж АХХ гэгчийг байгууллаа.

 

2012 оны нэгдүгээр сарын 25-нд МоАХ-гоо “Женко” Х.Баттулгад худалдчихсан гэгддэг, жинхэнэ хүнд гарын нэг С.Эрдэнэ АХХ-г байгуулж буйгаа албан ёсоор зарлаж, АН-ын даргад өрсөлдөөд шонгүй хаяагдсан З.Энхболдыг ерөнхийлөгчөөрөө сонгожорхив. Ингэснээр алдарт МоАХ, ардчилалын цагаан ордонтойгоо, тэртээ 90-ээд онд МоАХ-ынхан МАХН-тай “алалцаж” байхад сураг ч байгаагүй наймаачин Женкогийн нэг ёсны хувийн өмч болж, хөөрхий хоног тутам цөөрөх партизанууд үүдээр нь эргэлдэхээс өөр эрхгүй болсон юм. Харин үүндээ ичээд мань эр ганц хоёрт нь байр өгөн цайруулах гэж оролдсон шиг санагдана.

 

Энэ бүхнийг хараад АН-ын луугарууд дуугүй суугаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, 2010 оны есдүгээр сарын 7-нд Э.Бат-Үүл хэлэхдээ ”…Сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү гэж бодож байна…”

 

2013 онд Баабар “Жамух” нийтлэлдээ, “…Би З.Энхболдыг лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна… Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпораци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол… Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ” гэсэн байв.

 

Аваргуудын ийм ярианы дараа дайх үг бидэнд олдоно гэж үү? Жамухын сүүлчийн нүх нь АХХ гэсэн бодол л өөрийн эрхгүй төрж байна. Даанч эрх мэдэл, эд хөрөнгө дээр суурилсан нөхөрлөл нэг их уддаггүй жамтай. Тийм хүмүүс ч дэлүү шиг наалдаж явах, дээрэмдэж хулгайлахаа чухалчлахаас бус булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доош унахыг үл мэднэ, үл тооно.

 

Д.Гал

http://www.24tsag.mn