УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулдаг "МОРИН ЦАГ" мэдээллийн цагт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь оролцлоо. Тэрээр эдийн засаг тун хүндхэн байгаа энэ үед баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байж хямралаас гарна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Монгол Улсын эдийн засаг нэг талаар жижигхэн энгийн бүтэцтэй бага эдийн засаг хэдий ч нөгөө талаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн сонирхлын сүлжээнд холбогдсон хамаарал ихтэй эдийн засаг. Тиймээс ийм тохиолдолд эдийн засгаа яаж авч явах вэ гэдэг нь төрийн тусгайлсан бодлого шаардаж байгааг тэрээр тодотголоо.

Өнөөдөр манай улсад 54 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 80 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрийн ангилал зэрэглэлд багтаж байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тууштай зөв бодлого хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хэдхэн том орд газрыг түшиглээд, зөвхөн том төслүүд рүү хамаг анхаарлаа хандуулаад жижиг дунд үйлдвэрлэлийг орхигдуулсан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн прогнозыг зөв тодорхойлж чадаагүй, 2013 оноос эхлээд эдийн засгийн дохиог зөв ойлгож хүлээн аваагүй, баялаг бүтээгчдийг дэмжих нэртэй бодлогоо зөв тодорхойлоогүй зэрэг нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлд хүргэсэн гэж тэрээр үзэж байна. Бодлого зөв бол боломж шавхагддаггүй гэсэн эдийн засгийн суурь ойлголтод тулгуурлаж баялаг бүтээгчдээ дэмжих ёстой.

Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, Аж үйлдвэрийн талаар баримтлах төрийн бодлоготой болсон ч хэрэгжүүлэх үйл явц нь буруу тийш эргэсэн нь олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажлын байр хумигдахад нөлөөлсөн гэдгийг ч тэмдэглэлээ. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих бодлогын хүрээнд нэгдүгээрт, зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт, татварын тогтвортой орчин бий болгох, татвар гаалийн хуулиудад үзэл баримтлалын шинж чанартай томоохон өөрчлөлт хийх, гуравдугаарт, санхүүгийн тайлан болон мэдээллийн системийг баялаг бүтээгчдэд ээлтэйгээр сайжруулах нь зүйтэй гэж байр сууриа илэрхийллээ.