Орон нутгийн замд хураа тохируулаагүйн улмаас осол гардаг. Өчигдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг “Бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс 35 км зайтай/ автозамын зорчих хэсэгт 40-29 ӨВА улсын дугаартай “Портер” загварын автомашин, 25-51УБР улсын дугаартай “Истана” загварын автомашинтай мөргөлдөж олон тооны хүн гэмтсэн байна. Хэргийн газарт “Портер” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /34 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн иргэн Т /28 настай, эрэгтэй/-ийн хөлийн дунд чөмөг хугарсан бол “Истана” загварын автомашинд зорчиж явсан 23-74 насны 11 том хүн, 2-14 насны 5 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн ЯТТөвд хүлээлгэн өгсөн байна.