Эх орондоо болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Энэ долоо хоногт улс төрийн хүрээнд нэлээдгүй хэдэн онцлох үйл явдал болж өрнөлөө. Хамгийн сенсаацитай үйл явдал нь С.Эрдэнийн мэдээлэл байлаа. Тодруулбал, тэрбээр телевизийн нэвтрүүлэгт орж байх үеэрээ Нийтлэлч Баавар буюу Батбаяр хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврээ нэмж тогтоолгосон хэмээсэн билээ.

Үүний дараагаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт мониторингийн албаны улсын байцаагч Б.Мөнхтуяа "Орон даяар нийгмийн даатгалын салбарын хэмжээнд ийм хяналт шалгалт явагддаг. Гарсан илэрсэн зөрчил дутагдал бүхнийг засч залруулдаг. Заримыг нь хууль шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Ийм л журамтай. Б.Батбаяр буюу Баабар улсад ажилласан жилээ буруу зөрүү тогтоолгосон баримт бүдүүлсэн нь манай хяналт шалгалтаар илэрсэн. Өөрт нь ийм зүйл болсоныг албан ёсоор мэдэгдсэн. Баабар гуай үүнийг мэдэхгүй хэмээн мэлзэж байгаа. Манай ажилтнуудын өөдөөс Баабар хэмээх нэрт улстөрчөөс гарч боломгүй маш бүдүүлэг авирласан. 2009 онд Непко ХХК-д тавигдсан 12 сая төгрөгөө би буцааж авна гэж давшилсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас 12 сая төгрөгийн акт тавигдсан байсныг дайрч давшилснаар буцаадаг гэж юу байхав. Торгуулийн актыг буцааж хүчингүй болгох эрх манайд байхгүй" гэж ярилцлагадаа дурьдсан юм.

Тэгвэл нийгмийг цочроосон хэрэг энэ сарын 13-нд боллоо. Учир юу гэхээр "Эрдэнэс Таван Толгойн" үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж байх үеэрээ өөрийгөө зулын гол болгохоор завдсан юм. Түүнтэй хамт мэдээлэл хийх гэж байсан нөхөд нь хэлэхдээ "Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бид бодоогүй. Тэр ч энэ тухай бидэнд юу ч хэлээгүй" гэв.

"Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн С.Эрдэнэ хэлж, гадуур хувцсан дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаан тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлсэн нь ард түмэн туйлдаа хүрч ийм үйлдэл гаргалаа гэж олон нийтэд байр сууриа цахим ертөнцөөр илэрхийлээд буй. Эл хэрэг явдалтай холбогдуулан Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр нар үдээш хойш мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс тавантолгой" компанийн ажилчин өөрийгөө шатаасан үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд шуурхай хурал зарласан байна. Энэ хурлын үеэрээ зарим үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарал хандуулахыг Шадар сайдад даалгасан байна. Мөн эмчилгээний бүх зардлыг "Эрдэнэс тавантолгой" компанид хариуцуулжээ. С.Эрдэнэ нь 1, 2, 3-р зэргийн түлэгдэлттэй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм.

2017 оноос НӨАТ-ын хоёр хувиа буцаан авна. Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн дагуу иргэдэд өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрт багтдаг нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох урамшууллын системийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр худалдаа арилжаа эрхэлж буй хувь хүн төдийгүй аж ахуй нэгж байгууллагын мөнгөн урсгалын хяналтын нэгдсэн систем бий болох юм. Өөрөөр хэлбэл худалдаа арилжаанд оролцож буй бүхий л хувь хүн, аж ахуй нэгж байгууллагын арилжааны мэдээлэл улсын санд автоматаар бүртгэгдэж татвар болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа зохицуулагдах боломж бүрдэж байгаа юм.

Иргэн бүр баримтаа цуглуулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэхдээ заавал цаасан баримт цуглуулж хадгалахгүй. Баримтын дугаараа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлсэн тохиолдолд цаасан баримтаа хадгалах шаардлагагүй төлбөрийн баримт хэвлэдэг болсноор иргэд НӨАТ-ын урамшууллыг тухайн баримтаар дамжуулан буцаан авах боломжтой юм. Иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрийн баримтаа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлснээр 2017 оноос эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан авах боломжтой болох юм байна.

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүллээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг бөхчүүд хүч, бяр, уран мэхээ уралдуулсан юм.
Энэ жилийн бахархлын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх уран мэхээ уралдуулан барилдаж, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын начин Л.Цэрэнцогтох үзүүрллээ.

Шөвгийн дөрөвт улсын заан Б.Батмөнх болон Хөвсгөл аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн юм. Улсын арслан П.Бүрэнтөгс энэ удаагийн барилдаанд түрүүлснээр намар цагийн барилдаан эхэлснээс хойшхи гурав дахь түрүүгээ авлаа. Тэрбээр энэ намар болсон долоон барилдааны гуравт нь түрүүлж, гуравт нь үзүүрлээд байна.

Энэ сарын 12-нд "Ромео Жульетта" жүжиг 19 жилийн дараа дахин тайзнаа амиллаа. Монгол бахархлын өдөртэй Драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсан ойн баяр давхцаж байна.

Тиймээс л энэ баярт өдөр уран бүтээлчид Монголдоо гурав дахь удаа тавьж буй “Ромео Жульетта” жүжгийн нээлтийг хийхээр шийдэж ийнхүү жүжгийн нээлтээ гэнэтийн бэлгээр дүүрэн хийлээ.

Найман жил хамтдаа амьдарч, гурван сайхан үртэй болсон залуухан хос энэ үеэр хуримаа хийв. Бүсгүй хуримаа хийнэ гэж мөрөөдөж байсан боловч өнөөг хүртэл хуримаа хийж амжаагүй явсан гэнэ. Тэгвэл Гэгээн хайрын билэг тэмдэг болсон аугаа хайрын түүхийг үзэхээс өмнө цугласан олон зочид хайрын гэрч болцгоосон юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа