МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн бөгөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа залуу жүжигчидийн төлөөлөл. Тэрбээр “Буруу эргэлт”, “Амьдралын амт ”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг тун чадварлаг бүтээж олноос чамгүй үнэлгээг авсан.

 

Өөрийн бүтээж буй дүрдээ орж, чадварлагаар гаргадаг хэмээн үзэгчид түүнд ам сайтай байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр сайн аавын үүргээ биелүүлж явна. Бас нөгөөтэйгүүр иргэний үүргээ биелүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор эцэг, эхчүүд "School police"-ын үүргийг амжилттай гүйцэтгэж байгаа юм.
"Сургуулийн эргүүл" нь нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргадаг бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хоёр нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг тус тус гүйцэтгэдэг. Мөн эргүүлд гарч буй эцэг эхийг албан байгууллагаас нь хуваарьт өдөр нь цалинтай, хагас өдрийн чөлөө өгөх ёстой байдаг билээ. Ийнхүү жүжигчин Ууганаа олны танил хэмээн ажлаас хойш суулгүй сурагчдын аюулгүй байдлыг хангаж явна.

О.Ариун