Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулж байгаа билээ.

Шинэчилсэн журмын төслөөр тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан найман төрлийн баримт бичгийг 3-4 болгож цөөрүүлсэн. Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэг цэгийн үйлчилгээнд хандаж зөвшөөрлөө авах боломжтой болгосон.

Хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийсэн, хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна. Тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох юм.

Мөн нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Мөн өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах гэх мэт холбогдох хуулийн бусад заалтуудыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан.

Журмын хэрэгжилтэнд мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж тогтмол хяналт тавьж ажиллахаар оруулжээ.

Т.Буянаа