Өмнөговь аймгийн Гурван тэс суманд одоогийн байдлаар дөрвөн нүүрсний уурхай, нэг алтны уурхай ажиллаж байгаа юм байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Номтойбаярын “МАК”- компани мөн Хятадын Чинхуа, МАК хоёрын 50:50 хувийн хөрөнгөөр боссон “Чинхуа –Мак- Нарийн сухайт” ХХК, Канадын хөрөнгө оруулалттай “Саусгоби Сэндс”, болон Монголын “Өсөхзоос ХХК” зэрэг уул уурхайн компаниуд цаад тал нь 2044 он хүртэл нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллаж байгаа юм байна.

Харин дотоодын хөрөнгө оруулалттай “Агммайнинг” компани ганцаар алт олборлодог аж. Дээрх компаниуд бүгд ашиглалтын зөвшөөрөлтэйгээр олборлолт явуулж байгаа ч уул уурхайгаас гарах сөрөг нөлөө нь малчдад нэлээд хүндрэлтэй байгаа талаар нутгийн иргэд ярьж байгаа. Мөн тэдний олборлолтын үйл ажиллагаанаас хаширсан иргэд, ямар ч байсан Тосон бумбын уул руу уурхайн компани оруулахгүй хэмээн өнгөрсөн хугацаанд эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ.

Гэхдээ дээрх компаниуд нь Тост, Тосон бумбын нуруутай хамааралгүй ч Гурван тэс суманд олборлолт явуулж байгаа юм.Үүнээс гадна Тост Тосон бумбын нуруунд Ашигт малтмалын газраас 2003-2010 онд нийтдээ 22 лиценз олгосны нэг нь ашиглалт, 21 нь хайгуул байснаас, нутгийн удирдлагууд хөөцөлдсөөр, гурван зөвшөөрлийг цуцлуулжээ. Одоогоор ашиглалтын зөвшөөрөлтэй “Саус гоби коэл транс” хэмээх нэг компани, хайгуулын зөвшөөрөлтэй 17 компани байгаагаас 5-нь гадны хөрөнгө оруулалттай бусад нь дотоодын аж ахуй нэгж юм байна. Б.Чойжилсүрэнгийн компани болох “Саус гоби коэл транс” нь олборлолтын ажлаа эхлүүлчих гээд сүүлийн үед нутгийн иргэдийг нэлээд сандаргаж байгаа юм байна.

Дашрамд дурдахад Гурван тэс сумын нутаг дахь уул уурхайн ашиглалтын эрхийн ихэнхийг нь МАК эзэмшдэг юм байна.

Н.Ганаа