Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Тиймээс тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргасан бөгөөд тэр дариу түр орлон гүйцэтгэгчээр, Засгийн газраас Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилон ажлуулж байна.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Шударга ёс эвсэл"-ийг Эрүүл мэнд, спортын яамыг удирдах шинэ сайдын нэрээ тодруул гэжээ. Тэгэхээр дараагийнхаа сайдаар хэнийг томилох нь Н.Энхбаярын мэдэлд ирсэн гэсэн үг. Тиймдээ ч МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Л.Жамбалжав эмчийг анагаах ухааны салбарт насаараа ажиллаж бүхий л зовлон жаргалыг нь ойлгодог хүн гэж үнэлсэн учраас Эрүүл мэнд, спортын сайдад дэвшүүлэхээр болжээ.

Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын зөвлөхөөр ажиллаж байсан эрхэм юм байна.

Тэрбээр одоо МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга, “Монмэс” эмнэлгийн зөвлөх эмчээр ажилладаг аж. Түүнийг өмнө нь Улсын илиникийн төв эмнэлгийн дарга хийж байсан учир салбараа сайн мэднэ гэж үзээд сонгохоор болсон байна.

Эрүүл мэндийн салбарын нэр хүнд унасан, асуудал ихтэй байгаа энэ үед мэргэжлийн хүнийг сайдаар томилох тухай яригдаж байгаа нь сайшаалтай ч АН-ын зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй болоод байгаа юм.

Учир нь АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа "МАХН-д ЭМС-ын яамыг өгөх шаардлагагүй. АН энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа. Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна.

Тиймээс Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Энэ салбарыг гурав дахь удаагаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно” хэмээгээд байгаа.

Н.Чимэг