УИХ-ын гишүүн Г.Баярсайхан сонгуулийн тухай хуулийг зөрчин, өөрийгөө сурталчилахын зэрэгцээ тойргынхоо өрхүүдэд нүүрс тараагаад эхэлчихжээ. Уг нь УИХ-ын сонгууль болохоос 6 сарын өмнө тойрогт хандан элдэв олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, санал асуулга явуулах, эд зүйл тараахыг хориглосон хууль одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр 2016 оны 1 сарын 1-ээс ингэж болно гэсэн үг.

Ам ажил, хэлсэн ярьсан нь зөрөлдөж, хувирч байдаг гишүүдийн тод жишээг тэр олон нийтэд харууллаа. Учир нь Г.Баярсайхан хэдхэн жилийн өмнө иргэдэд нүүрс тарааж болохгүй хэмээн Төрийн ордны индэр дээрээс хашгирч байсан юм.

Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин хоёр ч удаа ялалт байгуулсан Г.Баярсайханд тойргийн иргэд нь ам муутай байгаа гэсэн. Тэгвэл ядарсан иргэдийн сэтгэлийг уярааж, гурав дахь удаагаа ялахын төлөө зүтгэж байгаа нь Г.Баярсайхан хэмээх нэртэй чингэлэг дүүрэн нүүрс ажээ.

Хэлсэндээ хүрч чадалгүй, нүүрс тараан, хууль зөрчиж сурталчилгаагаа эхлүүлсэн түүнийг хэлгүй дүлий мэт байгаа Сонгуулийн Ерөнхий хороо хэрхэх бол. Сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа болоогүй байтал эхлүүлэх нь зөв үү.

Н.Чимэг