УИХ-ын чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхи нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаснаар иргэд хашааны газраа барьцаалах, улмаар банк барьцааны зүйлийг үл маргах журмаар хурааж авах тухай зохицуулалт нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний өмчлөх эрх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн гэж дүгнээд байсан юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг“Иргэн хашааны газраа барьцаалж зээл авах, зээлээ нотариатаар баталгаажуулаад явах асуудал шүү дээ. Зээлээ төлж чадахгүй бол барьцааны эд хөрөнгөө хураалгана. Энэ бидний 25 жилийн өмнө сонгосон зам юм. Энэ замаас ухарсан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргачихлаа. Цэц ийм шийдвэр гаргаж байгаагийн төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: МАН-ын нэг хуульч нөхөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм билээ. Цэцийн шийдвэр гаргалт, хариуцлагын талаар байнгын хороон дээр их яригдсан.

УИХ-ын дарга З.Энхболд: 2009 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хуулийг баталсан. 2015 онд өөрчлөлт оруулаад, газар ч бас байшин, барилгатай адилаар барьцаанд тооцогдох боломжийг нээж өгсөн. Өчигдөр Цэц дээр Ц.Баярсайхан гишүүний оролцож, тайлбар хийсэн бас нэг хуралдаан болж, дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтээр ипотекийн зээл олгох ямар ч боломжгүй, моргейжийн зах зээлийг хөгжүүлэхгүй гэж байгаатай адил. Миний гар дээр Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн бичиг байна. Энэ бичгийг гишүүдэд тарааж өгье.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа маш тодорхой зөрчлөө. Яг энэ шийдвэрээр бол одоо бүх ломбардуудыг хаах ёстой болох нь. Гар утсаа барьцаалаад, ломбарднаас зээл авдаг. Тэгээд гар утсыг барьцаалах нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн болох юм уу. Банкуудад өмнө нь байгуулагдсан бүх ипотекийн зээлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал бий болох нь. Цэц өнөөдөр ийм шийдвэр гаргаж байгаагийнх нь төлөө хэн хариуцлага хүлээх юм. Цэцийн гишүүдийн асуудлыг ч бас хөндөх зайлшгүй шаардлага бий болчихлоо.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:Та нар улс төр хийхдээ бас учиртай, баримжаатай бай. Монголбанкны ерөнхийлөгчийн ирүүлсэн бичиг энд байна. Ипотекийн орон сууцны барьцаатай холбоотой 13 тоот тогтоолын тухай. 13 дүгнэлтийн талаар гомдлыг А.Базар гэж хүн гаргасан. Гэтэл хаа хамаагүй, МАН-ын хүн гаргасан гээд, худлаа яриад байх юм.

Үүнтэй холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн тодорхой зүйл заалтууд хүчингүй болж, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдах хүртэл орон сууцны 8 хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй тухай мэдэгдлээ.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвслийн бүлгийн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Үүнд Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, хүлээж аваагүй болно. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай Улсын Их Хурлаар батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна гэсэн юм.

Т.Буянаа