Өнөөдөр Монгол Улсын Филармони дээр “Хөөмэйчдийн дунд зохиогдох Япон дууны уралдаан” зохион байгуулагдах гэж байна. Тус уралдааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын ард түмэнд танигдсан “Хойд нутгийн хавар” гэх Японы зохиолын дууны хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн байгуулсан “Эндо Минорү дуу хөгжмийг хөгжүүлэх сан”, хамтран зохион байгуулагчаар  Монгол Улсын Филармони болон Морин Хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун” сан ажиллаж байна. “Эндо Минорү сан” нь өнгөрсөн жилийн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогдох Япон дууны уралдаан”-ыг зохион байгуулсан бөгөөд ийнхүү 2 дахь жилдээ соёлын арга хэмжээг үргэлжлүүлэн Монголд зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн уралдаанд Монголын өнцөг булангаас нийт 30 хөөмэйч оролцож, “Хойд нутгийн хавар” болон өөрсдийн сонгосон нэг япон дуу, нийт 2 дууг хөөмэйлнэ.

Хөөмэй бол 2010 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн Монголын уламжлалт ардын урлагийн нэгэн гайхамшигт төрөл билээ. Мөн “Хойд нутгийн хавар” гэх мэтчилэн дэлхийд танигдсан Японы зохиолын дуунууд олон байдаг ба үүнийг “Япон соёл”-ын нэг хэмээн хэлж болно.

Тус арга хэмжээ нь Монголын уламжлалт соёл болох хөөмэйг хөгжүүлэн дэмжих, мөн Японы зохиолын дууны гайхамшгийг Монголын ард түмэнд таниулах зорилготой юм.

А.Баярмаа