Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад бусдын гарт амиа алдсан Санжаасүрэнгийн Зоригийн хамтран амьдрагч байсан иргэн Б.Булганыг гэнэт баривчилж хорин, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

 

Үүнтэй зэрэгцэн, Орхон аймгийн харьяат нэр бүхий хоёр иргэнийг хүн амины хэрэгт сэжиглэн, мөн л баривчилсан юм. Тэгвэл энэ бүх явдлын учир, шалтгаан тодорхой болж байх шиг байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн facebook page- дээ : "Залуучууд аа!

 

Надад та бүхний дэмжлэг туслалцаа share хэрэгтэй байна!

Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн.

 

Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!

 

Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад ₮1500 төгрөгний хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна!!! SHARE хийнэ үү!!! Та бүхэнд баярлалаа!" хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаад буй билээ.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ нь О.Содбилэг нарын хувьд байдал бишдсэнийг илэрхийлж буй бөгөөд анхандаа эрх баригчид МАН-ын тодорхой бүлэглэлийг айлгах, "тохиролцоо" хийх сонирхолтой байсан байж мэдэх ч одоо бол уг хэргийг илрүүлсэнээ зарлах нь цаг хугацааны асуудал болсон гэнэ. Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрснээр улс төрийн ямар үр дагавар гарах вэ? гэдэг асуулт гарч ирж буй билээ.

 

Ш.Отгонбилэг агсан нь улс төрийн хувьд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр нартай нэг фракци байсан, тэдний бүлэглэлийн групп, компаниуд нь МАН-ын томоохон хандивлагчид. Тэгэхээр эцсийн дүндээ Ш.Отгонбилэг агсан захиалга өгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэсэн албан ёсны дүгнэлт гарвал МАН УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө "үхлийн цохилт" авах бөгөөд тус намын эрх мэдэлтэй, санхүүгийн нөөц хамгийн ихтэй бүлэглэл сарних нь тодорхой юм. Үйл явдал үргэлжилж байна.

 

С.Сарнай

http://www.sonin.mn