Зам, тээврийн сайд М.Зоригт ажлаа авсныхаа дараахан МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарт банкуудад байгаа мөнгийг Голомт банк руу шилжүүлэн байршуулах үүргийг өгсөн талаарх мэдээлэл ТӨХ-нд иржээ.

 

Үүний дагуу ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж 2015 оны аравдугаар сарын 14-нд МИАТ ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Харин маргааш нь ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Санхүү эдийн засгийн газрын дарга А.Дагвадорж, Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Л.Идэрцогт нартай уулзжээ. Уулзалтын тэмдэглэлээс хүргэж байна.

 

... Ц.Нанзаддорж: Сүүлийн үед банкнуудад байгаа мөнгөнд хөдөлгөөн орж Төрийн банкны активт хөдөлгөөн гараад байгаа учраас бид санаа зовж энэ уулзалтыг хийе гэж таныг урьсан юм. Яагаад Төрийн банкинд санаа зовж байна гэвэл бид ирэх жил тус банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийн орлого олно гээд улсын төсвийн төсөлд орчихсон. Хэрэв энэ актив буугаад байвал бид хувьчлалын орлого 75 сая ч үгүй хоцрох ийм байдалтай байна.

 

Өчигдөр МИАТ ХК-ийн захирлыг дуудаж уулзсан. Төрийн банкнаас татсан мөнгөө буцааж хий гэдэг үүрэг өгсөн. Г.Жаргалсайхан захирал “За” гээд явсан. Танай дээр бас ийм байдал ажиглагдаад байна гэсэн мэдээлэл авсан. Ерөнхийдөө ямар байдал үүсээд байна вэ?

 

Г.Нямдаваа: Одоо манайх Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Голомт банкнаас үйлчилгээ авч байгаа. Ер нь Улаанбаатар банк, Төрийн банкинд бол бага, гадаад төлбөр ХХБ-аар ирдэг. Тэр нь олон жил явж байгаа.Сүүлийн үед манай сайд Голомт банкаар үйлчлүүлэх чиглэл, даалгавар өгч байгаа. Бусад банкны гүйлгээг бараг хаахад хүрээд байгаа.

 

Ц.Нанзаддорж: Тэгэхээр Голомт банкин дээр яг одоо Зоригт сайдыг сайд болсноос хойш тийм мэдэгдэхүйц мөнгөн хөрөнгө өсөөд бусад банкнаас татаад байна уу?

 

А.Дагвадорж: Ер нь бол одоогийн нөхцөл байдлаар сүүлийн сарын хугацаанд Голомт банк руу мөнгөн дүнгээр 5.0 сая ам.доллар, 3.0 тэрбум төгрөг татагдаад байгаа. Есдүгээр сарын 22-нд гэхэд 5.0 сая ам.долларыг шилжүүлгээр Голомт банкинд хийсэн.

 

Ц.Нанзаддорж: Сайд болохоос нь өмнө байсан үлдэгдэл хэд вэ?

 

А.Дагвадорж: Ер нь бол арилжааны банкуудын харьцааг тэнцвэртэй барьж байсан. Тэр манай дээр гарч байгаа сар болгоны арилжааны банкуудын дансуудын үлдэгдлээр тооцоод гараад ирнэ. 1.0 тэрбум гаруй төгрөг.

 

Ц.Нанзаддорж: ТӨХ банкуудыг нэгийг нь давуу эрх эдлүүлээд нөгөөг нь ялгаварлан гадуурхах бодлого барьдаггүй. УИХ дээр чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн байна гэж яригдсан. Тэгэхээр Төрийн банкин дээр бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. “Эрэл”-ийн Эрдэнэбат Улаанбаатар банкин дээр харилцах дансаа нээчихвэл хүнд сонин харагдана гэж өчигдөр Батсайхан захирал хэлж байсан. Тэгэхэд төрийн агентлагууд ийм хүнд үед Төрийн банкаа дэмжих шаардлагатай байна.

 

Би өчигдөр Жаргалсайхан захирлыг хэлэхээр нь гайхсан л даа. Зоригт сайд шахсаар байгаад мөнгөө Голомт банк руу татсан гэхээр нь арай ч үгүй байлгүй гэж бодсон. Өнөөдөр Нямдаваа даргаас, эрхбиш төрийн сайд байсан хүний амнаас ийм үг сонсоод үнэмшиж байна. Ямар ч байсан би өөрийнхөө шугамаар та нарыг маталгүйгээр Төрийн банкаа дэмжээч ээ, энэ авто тээвэр, тээврийн чиглэлд үйл ажиллагаа явж байдаг мөнгийг дийлэнхийг Төрийн банкинд байршуулахад дэмжлэг үзүүлээч гэдэг албан захидлыг явуулна аа. Өнөөдрийн ярианы талаар биш. Тэгээд харъя. Болохгүй бол хэлдэг газар нь хэлнэ. Ямар ч байсан Зоригтыг сайд болсноос хойш дарамт шахалт үзүүлсний улмаас татсан мөнгийг буцааж Төрийн банкинд байршуул гэж хэлэх гээд байна. Тэрнээс өмнөх нь жамаараа явж байсан юм байна шүү дээ.

 

Г.Нямдаваа: Тийм. Төрийн өмчийг хариуц-дагийн хувьд, төрийн өмчийн зохицуулалтыг шийддэгийн хувьд ТӨХ албан тоотоор чиглэл өгчихвөл энэ чиглэлийг барьж ажиллахад бэлэн байна.

 

Ц.Нанзаддорж: Тэгье. Бид бичиг өгье. Сайдад ч бичиг явуулъя. Танд ч бичиг явуулъя.

 

Г.Нямдаваа: Тэгэх юм бол хуучин байранд нь оруулчихаж болно. Салбарын сайдын даалгаврыг биелүүлэхгүй бол бас хэцүү байдаг шүү дээ.

 

Ц.Нанзаддорж: Өчигдөр бол би Жаргалсайхан захирлыг чиний гарыг барьж байгаад нэгдүгээр гарын үсэг зуруулсан юм уу гэж загнасан. Тэгсэн чинь сайд компанийн хамаг юмыг гацаагаад байхаар хэцүү юмаа гэж байсан.

 

Г.Нямдаваа: Яаман дээр хасдаг юм зөндөө байгаа юм чинь. Өмнө нь сая орчим ам.долларын зөрүүтэй, тэрбум жаахан гаруй төгрөгийн үлдэгдэлтэй л байдаг байсан.

 

Ц.Нанзаддорж: Тэгсэн чинь одоо 12 сая ам.доллар болчихсон уу?

 

А.Дагвадорж: Тийм.

 

Ц.Нанзаддорж: Яахав, үлддэг, төсөв рүү явдаг юм нь л байгаа байх л даа. Тэр хүнийг сайд болохоос өмнө байсан 1.0 сая ам.долларыг нь үлдээчих л дээ. Тэгээд бусдыг нь Төрийн банк руу татчих.

 

Г.Нямдаваа: Бидэнд бичиг өгчих. Бичиггүй бол дахиад л дарамтлуулаад унана шүү дээ.

 

Ц.Нанзаддорж: Та нар сайдынхаа хэлсэн банкинд мөнгө байршуулахдаа сайдаасаа бичиг аваагүй биз дээ. Төрийнхөө банкинд байршуулахдаа заавал бичиг авах гээд. Бичгийг нь бол өгье.

 

Г.Нямдаваа: Зоригт сайд бүр гаднаас орж ирдэг бүгдийг Голомт банк руу төвлөрүүл гээд байгаа.

 

А.Дагвадорж: Одоо бүр Худалдаа хөгжлийн банкны тэр данснуудыг гаднын банкууд руу и-майл бичиж Голомт банк руу төвлөрүүл гэсэн чиглэл өгөөд байгаа.

 

Г.Нямдаваа: Тэр нь бол болохгүй.

 

Ц.Нанзаддорж: Сонин юм. Нямдаваа даргыг хэлэхэд үнэмшиж байна. Өчигдөр Жаргалсайхан захирлыг хэлэхэд үнэмшээгүй. Хоёрхон тэрбум төгрөгийг гурав хоног нэхэж байж авна гэж юу байдаг юм бэ гэж. Гурав хоног нэхэж байж авсан гэж байгаа.

 

А.Дагвадорж: Харин тийм, одоо ийм нөхцөл байдал үүсээд байна.

 

Ц.Нанзаддорж: Сайд болонгуутаа депозит 12 дахин өснө гэдэг чинь арай дэндэж байгаа биз дээ.

 

Г.Нямдаваа: Маргааш ийшээ татлаа, орууллаа гэхэд л нөгөөх чинь аюул болно. Тэр бол ойлгомжтой. Чиглэл авчихсан, та бүхэнтэй ярь гээд л суухаас.

 

Ц.Нанзаддорж: Тэг. Тэгээд түрүүний миний ярьсан “Эрэл”-ийн Эрдэнэбатын үлгэрийг яриад өг. Харин ч гэж үзэлцсээр байж танай банкинд 1.0 сая ам.доллар үлдээлээ гэж хэлэхгүй юу. Болохгүй бол бүгдийг нь тат гэж хэлсэн гэсэн ч яадаг юм. Ер нь бол ийм төр, засаг байж болох уу даа та минь. Ингэж болохгүй шүү дээ.