МАН-ын "Шинэчилье" хөдөлгөөн өрнөөд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэдний гол зорилтыг хэвлэл мэдээлэл болон бусад хэрэгсэлээр намын удирдлага, албан тушаалд санаархсан үйлдэл хэмээн хардах хардлага ч нилээдгүй байгаа.
Харин МАН-ыг шинэчлэх хүсэлтэй залуусын хувьд ямарваа нэгэн албан тушаал горилоогүй улс орон, ард иргэд, намынхаа ирээдүй хойчийн асуудалд тулгамдаад байгаа асуудлыг намаасаа эхлээд шат шатны бүхий л газарт шинэчилэх зорилт тавин ажиллаж байгаагаа удаа дараа мэдэгдсээр ирсэн. Тиймээс ч тэд улс төрийн ямарваа нэгэн албан тушаалын төлөө бус байгаагаа дахин илэрхийллээ. Ганц хоёрхон хоногийн өмнө болсон гэж хэлж болох намын бага хурлын үеэр Шинэчилье хөдөлгөөнийхөн өөрсдийн тавьсан зорилтын эхний алхамыг хийж тодорхой хэмжээний үр дүнд хүрсэнээ сэтгүүлчдэд тайлагналаа. Хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултын гол нь МАН-д байгаа асуудал, мөн даргыгаа сольж өөрсдөө албан тушаал горилох гэсэн оролдлого уу хэмээсэн асуултанд "Бид ямарваа нэгэн албан тушаал горьдоогүй, гагцхүү намынхаа ирээдүй, улс орныхоо төлөө л ийм алхам хийж байгаа"-гаа тодорхой мэдэгдлээ. Мөн МАН-ын их хурал энэ оны 10 дугаар сарын 27-нд хуралдах болсон, гишүүдийн тоог 720 байсныг 1134 болгон өөрчлүүлж чадлаа хэмээсэн юм. Хамгийн гол нь намын шинэчилэлийн хөдөлгөөнөөс гадаадад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог намын их хуралд оролцуулах тал дээр түлхүү ажиллаж, шат шатны сонгуульд ялагдсан асуудлыг Их хурлын өмнө ажлын хэсэг, хяналтын хороо авч хэлэлцэхийг дуулгалаа. Мөн намыг бага хурлаар гарсан шийдвэр бол Их хурал зарласан явдал. Энэ нь МАН-ын Бага хурлын 310 гишүүд, Удирдах зөвлөл, МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч намын их хурлаар шинэ удирдлага бүтэц бүрэлдэхүүн сонгогдох нь тодорхой боллоо гэдгийг онцолсон юм.  

Энэ үеэр УИХ-н гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултанд хариулсныг хүргэе 
 -Та бүхэн Бага хурлын үр дүнд зорилгоо биелүүлсэн гэлээ. Харин удахгүй болох Их хурлын өмнө ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ? 
-Намын VIII Бага хурлаас намын XXVII Их хурлыг зарлана гэдэг нь МАН-ын Бага хурлын 310 гишүүнийг огцруулж байна гэж ойлгох хэрэгтэй. Намын дарга, Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга ч огцорч байгаа. Энэ бидний гол зорилго байлаа. Нөгөө талаар Их хурлаар нэгдүгээрт, намын зөв бүтэц. Сөрөг хүчний байр сууринд шилжсэнтэй уялдуулан түргэн шуурхай, зөв оновчтой үйл ажиллагаа явуулах ямар бүтэц, бүрэлдэхүүн бидэнд хэрэгтэй юм гэдгийг тодорхойлох, хоёрдугаарт, үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан дүрэмдээ өөрчлөлт оруулах явдал. Гуравдугаарт, ирэх сонгуулиудад ялалт байгуулахын тулд МАН “Хөгжлийн хөтөлбөр” боловсруулах, мөн МАН-ын улстөрийн нөхцөл байдалд тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гэсэн бодлогын гол асуудлууд яригдана. Эдгээрийн хүрээнд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтад орж тодорхой хороодыг байгуулан гадаад, дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Мөн ахмад, дунд, залуу үеийн нягт холбоонд үндэслэж шинжлэх ухааны тооцоо, судалгаатай ажлуудыг эхлүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлнэ.
 -МАН-ын удирдлагууд ажлаа өгөхөөр оронд нь хэн очих вэ гэдэг яриа олны анхаарлыг татаж байгаа? 
-“Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн ямар нэг байдлаар хэн нэг хүнийг дэмжиж ажиллахгүй. Энэ бол бидний тэргүүн зарчим. Харин үүссэн нөхцөл байдал ямар зүйлийг эрэлхийлж байна гэдгийг харах л ёстой. Бага хурлын болон намын гишүүд үүссэн нөхцөл байдалд ямар хүн тохиромжтой юм гэдэгт санаа зовж байгаа. Гишүүд, дэмжигчиддээ уриалахад нэн тэргүүнд намын даргын сунгаанд өрсөлдөхөд эв нэгдлийг сахих нь зүйтэй гэж үзэж байна. 
-Та бүхнийг албан тушаалын төлөө явж байна гэж хардах хүмүүс байна. Үүнд ямар хариулт өгөх вэ? 
-Намаа шинэчилье гэж байгаа болохоос ямар нэг албан тушаал горилж яваагүй. Бид залуу байна. Тиймээс намаа шинжлэх ухааны үндэстэй шинэчилье л гэж байгаа юм. Намын бүтэц, дүрэм, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Түүнээс удирдлага, зохион байгуулалтын хувьд бид ямар нэг байдлаар байр суурь илэрхийлэхгүй