Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъяан Н.Энхбаярын эрх зүйн байдлын талаар тайлбар хийлээ. Тэрбээр тайлбартаа:
Олон нийтэд Н.Энхбаяр нь ялтайд тооцогдож байгаа тухай ташаа мэдээлэл тарааж байгааг доорхи тайлбараар няцааж байна.

Нэг. Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775 тоот тогтоолоор Н.Энхбаярт холбогдуулсан зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Уучлал үзүүлэх зарлигаар Н.Энхбаярын үлдэж буй ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн болно. Үүнээс хойш 150.3 дахь хэсэгт заасан ялтайд тооцогдож байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу ялгүй болсон.

Хоёр. АТГ, Прокурорын зүгээс Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 4 “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78.2 дах хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлж, өршөөн хэлтрүүлсэн байна.

Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангиар хорих ял эдлээгүй, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн учраас ялтайд тооцох хугацаа эхлэх, тооцох үндэслэлгүй болно.

Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангид холбогдуулсан хэргийн хувьд 2009 оны, 150 дугаар зүйлд холбогдох хэргийн хувьд 2015 оны өршөөлийн хуульд хамрагдан ял шийтгэлгүйд тооцогдсон. Өнөөдрийн байдлаар төрийн албан тушаалд сонгогдож, томилогдоход харшлах эрх зүйн болон бусад ямар нэг хүчин зүйл байхгүй болсныг үүгээр тайлбарлаж байна.