Саяхны нэг өдөр Төв Гандангаар ороод ном бичүүлэх шаардлагатай болж касс дээр нь очерлох ажил гарлаа. Нөгөө лам нар цайндаа гараад хүмүүс очерложээ.

Номууд нь бүгд тарифтай бөгөөд үнэ нь 300, 500, 700 төгрөг гээд үргэлжилнэ. Нэлээн удаан хүлээсний дараа хэдэн халзан толгойтой, лам дээлтэй залуучууд орж ирээд тус тусын компьютерийн ард суугаад ажилдаа орлоо.

Нэг хүн дунджаар 3000-5000 төгрөгийн ном бичүүлдэг юм байна. Ном бичиж буй лам залууг хараад гадуур энгийн хувцастай явж байвал хэзээ ч лам гэж харахааргүй нөхөр байв. Нилээн олон удаа хамраа гэмтээж, цохиулж байсан гэмээр царайтай бөгөөд бүүр гар дээрээ шивээстэй байв. Бас байн байн хамрын тамхи гэмээр зүйл татах юм аа.

Тэрхүү залууг хараад бүхий л сүсэглэх, бишрэх сэтгэл арилж, үүний оронд хурдхан шиг номоо бичүүлээд гарахын хүслэн боллоо.

Энэ бол Төв Гандангийн байдаг л нэг өдөр боловч энэ нь өнөөгийн монголын гандан хийдүүдийн үнэн бодит төрх. Социализмын 70 жил дарагдаад байсан Буддийн шашин 1990 оноос хойш ёстой ардчиллын буянаар сэргэж, зах зээлийн хуулиар “зах зээл”-д шилжжээ. Гандан бүр нэг толгой ламтай болж, түүнийг тойрон хүрээлсэн нэгэн бүлэг лам нар бий болжээ. Тэд тухайн хийдээ менежмент хийж, ашигтай ажиллуулах тал дээр анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл тэр өөрсдийнх нь гол бизнес.

Өнөөдөр амар хялбараар амьдръя гэвэл лам болох хэрэгтэй гэсэн яриа нийгэмд хүчээ авч байна. Энэ нь зүгээр шахам сууж байгаад саятан болж байгаа лам нартай холбоотой. Олон зүйл нуршилгүй шулуухан үнэнийг хэлэхэд өнөөдөр лам нар бизнесмен болцгоож, гандан хийдүүд пүүс компаниуд болон хувирчээ. Энэ үед хүмүүсийн бурхны шашинд сүсэглэх итгэл үнэмшил шаварт хутгагадах юм даа.

Лам, улс төрч хоёр адил болжээ. Хоёулаа монгол хүний сайн сайхан амьдрах хүслээр тоглож байна.

Ийм байхад улс орон сэргэн мандаж хүчирхэгжэнэ гэж үү. Ардчиллын буянаар монгол улсын боловсролын салбар дампуурахын дээдээр дампуурсан, зах зээлийн хуулиараа боловсрол бас бизнес болж мэдлэг боловсролын чанар шаварт унсан. Үүний ачаар манай оронд мухар сүсгийн маш том зах зээл бий болжээ. Мэдлэггүй газар л мухар сүсэг дэлгэрдэг гэдэг. Энэхүү зах зээлийг Буддийн шашин, Христийн шашин болон бусад шашин нэртэй хүмүүсийн тархи толгойг эргүүлсэн байгууллагууд эзлээд байна. Үүнийг зохицуулж байгаа байгууллага ч алга. Төр ч анхаарлаа хандуулахаа больжээ.

Арга ядахдаа эртнээсээ шүтэж ирсэн бурхны шашин нь монгол хүнийхээ зовлонгоор тоглохгүй байвал зүгээр юмсан даа. Бурхны шашин ариун нандин байж, олон түмнийхээ итгэл найдварыг алдахгүй оршоосой хэмээн олон түмэн хүсдэг. Гэвч өнөөдөр шашны ариун нандин байдал алдагдаж, бузартжээ. Энэхүү бузрыг хэрхэн угааж ариутгах билээ. Шашны бузартуулж, хувийн баяжих хэрэгслээ болгосон тэр л хүмүүсээс гандан хийдээ салгах нь хамгийн түрүүнд хийх ажил билээ.

Тэгвэл тэрхүү шуналтай лам нар хэн билээ. Үүний талаар үргэлжлүүлэн баримттайгаар бичих болно.