Монголчууд 2002 оноос эхлэн Фэнг шүйг мэдэх болсон. Тэгвэл уншигч таны амралтын өдөрт зориулан Азийн Фэнг шүй төвийн захирал Ө.Хишигжаргалтай ярилцаж мэдэж явах хэрэгтэй зөвлөгөө авсныг хүргэж байна.

- Уншигчдад маань цаг гарган ярилцах урилга хүлээж авсанд баярлалаа. Таньд энэ өдрийн мэнд хүргэе.

- Баярлалаа. Таньд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

- Зарим хүмүүс Фэнг шүйг шашны нэг урсгал гэж боддог?

- Фэнг шүй гэдэг ямар нэг шашны урсгал биш л дээ. Орчин үетэйгээ зохицож амьдрах амьдралын ухаан юм. Өвөг дээдсийн бидэнд уламжилж ирсэн ухаан. Дэлхий нийтээрээ Фэнг шүй гэдэг нэршилтэйгээр тархсан.

- Фэнг шүй хаана үүсэж, хэрхэн Монголд орж ирсэн бэ?

- Фэнг шүй гэдэг үг маань хятад үг. Фэнг-салхи, шүй -ус гэж байгаа юм. Сүүлийн үед фэнг шүйг хүмүүс шинжлэх ухаан талаас нь мөн амьдралын хар ухаан талаас нь судалчихсан, бүр ёс зан заншил болгочихсон байна. Анх Энэтхэгт үүсээд, Хятад, Төвдөөр дамжин Монгол руу орж ирсэн гэж ярьдаг. Гэтэл Английн эрдэмтэн Монголоос үүсэлтэй гэж нотолдог. Ер нь манай өвөг дээдсийн ярьж байгаа бүх юм Фэнг шүй байсан. Тухайлбал ширээн дээр аяга таваг хонуулдаггүй, шөнө үсээ самнадаггүй, орондоо дуу дуулдаггүй. Энэ бүхэн Фэнг шүй. Монгол хүн хэзээ ч гэрээ хойшоо харуулж барьдаггүй. Орчин үед орон сууцанд орж байгаа хүмүүс бол хаалгаа тийшээ харуулж барина гэж сонгож чаддаггүй шүү дээ. Тиймээс ор нь хаана байрлах, хаашаа харж суухыг тухайн айлыг нарийн судалсны дүнд яах хэрэгтэйг зөвлөдөг. 2002 онд Монголд анх орж ирсэн.

- Таны хувьд хэзээнээс судалж сонирхож эхлэв?

- Миний хувьд анх 2002 оноос эхлэн сонирхож Фэнг шүйгийн орос хэлэн дээр бичигдсэн номнуудыг уншиж судлан 2008, 2009 онд олон улсын Фэнг шүйгийн сургалтад сууж мастерийн зэргийн дипломыг авсан. Иннер Фэнг Шүй буюу далд ухамсар, домын талаар суралцаж ирсэн. Бар жилээс цаг тооны бичиг гаргаж эхэлсэн. Өөрийнхөө хэмжээнд чадан ядан Монголынхоо зан үйлийг оруулсан. Үс засуулах, гандан хийдэд ном уншуулах, ямар мэнгэтэй жил сар өдрийг харах гэж баахан юм календарь байснаас цаг тооны бичиг хараад ажлаа төлөвлөж болох нарийн зүйлсийг оруулж өгсөн.

Таван орчуулгын ном гаргалаа. Одоо нэг ном гаргах гээд ажиллаж байна. Сэтгүүлийнхээ 18 дугаарыг гаргаад байна. Энэ хугацаанд хотоор болон олон аймгуудаар явлаа. Миний тарьсан үр цэцэглээд үр өгөөжөө их өгсөн байна. Айлууд маань байртай болчихсон, ажил нь жигдэрчихсэн байгааг хараад баярладаг.

Би зөвхөн орон байрны зөвлөгөө гэхгүй, хувь хүн нь юуг анхаарах, ямар өнгө ээлтэйг, ямар мэргэжилтэй болох, өөрөө аль талаараа илүү хөдөлмөрлөвөламжилтадхүрэх, тэр ч бүү хэл хань ижлээ зөв сонгоход нь хүртэл зөвлөдөг.

- Тухайлбал?

- Авьяаслаг Монголчуудын хоёр дугаар шатанд хар хувцас өмссөн хичнээн мундаг бүжиглэсэн, нугарсан хүүхдүүд тэнцээгүй. Тэгэхээр тайзан дээр битгий хэл жирийн үед ямар өнгийн хувцастай байхыг зөвлөдөг. Манай Монголчууд дам ярианд итгэдэг шүү дээ. Улаан түрийвч мөнгө дууддаг гээд бүгдээрээ улаан түрийвч бариад байж болохгүй. Хувь хүн тус бүрт өөрт нь ээлтэй өнгийг сонгох хэрэгтэй.

Мөн нурууны ард хаалга, цонх байж болохгүй. Усан онгоц завийг манайхан сувенир маягаар дээр тавьчихдаг ш дээ. Тэгтэл доор газар байх ёстой гэх мэтчилэнгээр зөв амьдрах ухаан юм.

- Дотроо олон задарч байх шиг байсан?

- Фэнг шүй дотроо дом, хувь хүний зурлага, орон байрны зөвлөгөө гэх мэтээр задраад явдаг.

- Таны цаг тооны бичгийг хараад байхад будда хосолсон харагдаж байна?

- Миний Лилиан Ту багш маань буддист, буддатай хослуулаад явдаг. Фэнг шүйгээс гадна Шашны дээдийн зурхайн ухаанд суралцлаа би. Сонин байдаг юм байна. Фэнг шүйтэй харилцаа хамааралтай нь үнэн байна л даа. Заримдаа хүмүүс мэргэлдэг юм уу гэж хүмүүс асуудаг. Би тухайн хүний төрсөн он сараар нь харж байгаад хэлж өгөхөөр тэгж асуудаг хүн их байдаг.

- Жил бүр та хялбаршуулсан цaг тооны бичиг гаргадаг шүү дээ. Удахгүй 2016 он гарах гэж байна. Ирэх жилийн цаг тооны бичиг худалдаанд гарсан уу?

- Худалдаанд бол гараагүй. Өргөө кинотеатрын баруун талд манай “Хишиг” төвөөр худалдаалагдаж байгаа. Хишиг төвийн байрандаа худалдаалах бодолтой байна. Жил бүрийн цаглабарыг улам л үр өгөөжтэй, ойлгомжтой болгохыг зорьж байна. Гадаадаас, орон нутгаас цаг тооны бичиг гарсан уу гэж их асуудаг, эрэлт ихтэй байдаг болохоор захиалгаар нийлүүлнэ. Шашин, шүтлэггүй хүн ч гэсэн үс засдаг өдрийг харж үсээ засуулах хэрэгтэй.

- Хувь хүний зурлагыг, цаг тооны бичигтэй хослуулах ёстой юу?

- ЕБС-ийн ахлах ангийн сурагчид мэргэжил сонгох болдог шүү дээ. Өөрөө урлаг уран сайханд сонирхолтой байдаг, эцэг эх нь эдийн засагч бол гэж шахаад байна гэдэг л дээ. Тэгэхээр хувь хүний зурлаган дээр хэрхэн гарч байна түүнийг л хэлж өгдөг. Тухайлбал бар жилтэй хүн байлаа гэхэд бар жилтэй хүмүүс ийм ийм онцлог шинжтэй, 2016 онд ийм ийм ном уншуулаарай гэсэн нийтлэг тайлбар их байдаг. Харин манайд бол хувь хүний зурлагыг насан туршдаа нэг л удаа гаргадаг. Долоон хуудас гаргадаг. Жил болгон гаргуулдаг гээд байгаа нь сүүлийн нэг хуудсыг л жил бүр гаргуулдаг. Түүн дээр тухайн жилд анхаарах зүйлийг оруулдаг. Тэгэхээр хувь хүний зурлагыг нэг гаргуулчихсан байхад оюуны хүчээр ажиллах хүн мөн үү? Биеийн хүчээр ажиллах хүн мөн үү? Гэдгийг тодорхойлно. Наймаа хийгээд шатаад, өрөнд ороод байдаг хүн эд баялаггүй байвал мянга сэргэлэн байгаад нэмэргүй. Үүний жишээ нь би. Надад эд баялаг 00 байдаг. Эд баялаггүй гэдэг нь би наймаа хийдэг хүн биш харин оюуны хүчээр явах юм билээ. Энэ мэтчилэнгээр хувь хүний онцлогийг гаргаж өгдөг.

- 2016 оны цаг тооны бичигт мэнгэ эрхшээхийн гайсал нэмэгдсэн байна?

- Морь жилээс эхлээд оруулдаг болсон. Би мэнгэ голлохыг чухалчилдаг байсан. Хүний мэнгэ 9 жилийн давтамжтайгаар голлодог юм байна. Мэнгэ голлохоор өвдөж зовоод байдаг. Тиймээс уншуулах номыг нь зааж өгсөн байгаа. Жишээ нь хонь жил маань гурван хөх мэнгэтэй жил. 1988 оны луу жилтнүүд их өртөж байна. Саяхан гэхэд ирвэс хамгаалах сангийн залуу, хүүхдээ төрүүлээд энддэг эмэгтэй 27 настай байсан. Тэгэхээр мэнгэ гололтыг тоохгүй байж болохгүй. Тиймээс бид ямар нэгэн тохиолдохоос нь өмнө арга хэмжээ авах ёстой. Дүүгийнхээ дурсгалд зориулаад мэнгэ голлохыг гаргаж өгч байгаа.

Үүнээс гадна хүн хэрэгтэй нэг зүйлийг оруулж өгсөн байгаа. Шашны дээдийн зурхайн анги төгсөхөд хүнд амь, эрхтэн, хийморь гэсэн мэнгэ байдаг юм байна. Үүн дээр бидний төрсөн жилийн мэнгэ /зургаан цагаан гэх мэт/ байдаг.Энэ жилийн 6-7-р сард торгуулаад, түрийвчтэй мөнгөө алдаад, машинаа ачуулаад байсан. Багшаасаа асуусан эрхтэн мэнгэ голлосон байна. Буян хишигт гарз гарна гэсэн байгаа биз тэр үед нь сэрэмжтэй байж, номоо уншуул гэж байсан. Тэгж нарийн учиртайг нь мэдсэн. Тэгэхээр сар сард нь, тухайлбал 2-р сард амин мэнгэ голлоно гээд гараад ирсэн тохиолдолд календарь дээр ямар ном уншуулахыг бичсэн байгаа. Тиймээс календариас харж байгаад ном уншдаг өдөр нь буюу номны зурагтай өдөр номоо уншуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол чөтгөр хүний ертөнцийг эргэдэг өдрийн тухайн Эрдэнийн хаш хайрцаг судар дээр байдаг. Тэр өдөр нь ном уншуулбал зовлон гуниг болно гэдэг. Энэ бүхнийг нарийн оруулж өгсөн.

- Үс засаж болдог зарим өдрийг таны цаг тооны бичигт болохгүй гэсэн байна? Энэ ямар учир байна?

- Билгийн тооллын шинийн 3-нд үс засаж болно гэдэг шүү дээ. Гэтэл тэр өдөр нь улаагчин могой өдөр таарвал үс засдаггүй. Яагаад гэвэл гал өдөр. Улаан өдөр үс засуулж болно. Улаагчин өдөр үс засуулж болдоггүй. Мөн туулай өдөр үс засуулахаар ядуурдаг гэж сударт заасан байдаг. Зөвхөн үс засдаг өдрийг гаргахын тулд олон судар уншиж байгаад гаргадаг.

- Монголчууд хүүхдээ бага байхад нь хамгаалдаг шүү дээ. Бага насны хүүхдэд хувь хүний зурлагыг хийлгэж болдог уу?

- Болно шүү дээ. Яагаад гэвэл төрсөн өдөр цаг нь тодорхой болохоор гаргана. Тухайн хүний төрсөн он сар өдөр цагаар нь хувь хүий зурлагыг гаргадаг болохоор нэг настай байхад нь гаргасан 16 настай байхад нь гаргасан яг ижил гарна. Тиймээс хүүхдийнхээ зурлагыг эртнээс гаргуулаад мэргэжлийн чиг баримжааг гаргаж байвал хэрэгтэй. Хүн төрөхдөө л өөрийнхөө мэргэжил хувь заяаг бурхнаас аваад төрдөг гэдгийг Фэнг шүйгээр дамжуулж байгаа юм.

- Фэнг Шүйд Азын дом гэж байна. Үүнийг тайлбарлавал?

- Сар бүрийн шинийн 1-15-ны хооронд зөвхөн лхагва гарагт өглөө 10:30 цагт хийдэг. Нэг ширхэг цэвэр устай ирнэ. 1.5 литрээс их хэмжээтэй ус байвал зүгээр. Аалз булан тохойд шүлсээрээ тор нэхэж, тэр торонд нь ялаа шумуул, шавьж орохоор нь барьж идэш тэжээлээ олж иддэг шүү дээ. Аалзын торонд наалддаг шиг хаа хол байгаа азыг дуудаж байгаа гэсэн үг.

- Хайрын дом?

- Ганц бие хүмүүс оролцоно. Сар бүрийн шинийн 1-15-ны хооронд зөвхөн баасан гарагт 16 цагт хийдэг. Хайрын домон дээрээ тэдэн оны хүн таарна гэдгийг нь заагаад өгнө. Тусгай зан үйл хийнэ. Улаан сарнай, улаан алим, нэг ширхэг цэвэр устай ирнэ. Насны хязгааргүй. Хэдэн оны ямар мэнгэтэй хүнтэй тохирох вэ гэдгийг хэлж өгдөг болохоор чухал.

- Гурван хүслийн дом?

- Цэвэр ус, үзэг балтай ирнэ. Гурван хүсэл нь эрүүл мэнд, мөнгө, ажил төрөл гээд юу ч байж болно. Хамгийн ойрын 3 хүслээ бичнэ. Гэхдээ дандаа сайн юм хүсэх хэрэгтэй.

- Хүмүүсийн анхаарч байхад илүүдэхгүй зөвлөгөөг манай уншигчдад хүргэхгүй юу?

- Монгол гэр бол тэр чигээрээ Фэнг шүй. Орчин үед гэрийн унины тоонотой холбодог хэсгийг хөх өнгөөр их буддаг болж. Хөх, ногоон өнгөөр битгий будаасай. Хөхөөр будвал тухайн айл усанд живэх нь байна.

- Ногооноор будсан бол?

- Ин энерги гэдгээр тайлбарлагдана. Ян, Ин энерги гэж байдаг шүү дээ. Ин энерги нь Монголоор билэг энерги, сар, шөнө, эмэгтэй хүн гэсэн үг. Ян энерги буюу арга энерги нь хурц өнгө, өдөр, нар, эрчүүдийг илэрхийлдэг.

- Ямар өнгөтэй байвал зохилтой вэ?

- Улбар шар. Улиг домог болтлоо л нэг жишээг ярьж байна даа. Бөхийн өргөө улбар шар дээвэртэй, байнгын үйл ажиллагаатай, орлоготой байна шүү дээ. Цирк хөх дээвэртэй байсан. Би олон жил үглэж байж улбар шар болсон.

Бид баяр ёслолоор ширээ засдаг шүү дээ. заавал тусад нь тавганд эд баялаг дууддаг. Айл болгонд байвал сайн гэж ярьдаг.

- Хүмүүс галаар ариусгадаг гэдэг утгаараа лаа асаадаг. Лаа асаахад учир байна уу?

- Ажил дээрээ орон байрны зөвлөгөө аваад зөв газраа лаа асаах хэрэгтэй. Буруу газраа лаа асаавал галаас үүдэлтэй таагүй үйл явдлыг өдөөдөг. Зөв зүгт хурц гэрэлтэй лаа асаах хэрэгтэй.

- Орон байрны зөвлөгөөний талаар ?

- Тухайн айл гэрт очиж компас буюу луужингаар тухайн айлын хаалганы градусыг гаргаж байгаад 16 хаалганы сонголтыг харж гаргадаг. Жишээ нь хойд зүг 1 гэхэд 337,5°-352,5°. Хойд зүг 2. 3 гэхэд 352,5°-007,5°: 007,5°-22,5° гэсэн градусуудын хооронд байрлаж нисэгч одоор нь гаргаж өгдөг байх нь. Тэгэхээр нийтлэг нэг зөвлөгөөг уншигч түмэндээ хүргэхэд плитка угаалтуур хоёр нэг дор зэрэгцэж болохгүй, гал ус харшлана. 00 өрөө баруун хойд зүгт байрлаж байвал гэрийн эзэнд таагүй муу нөлөөтэй, тэр тусмаа баруун бүлгийн хүмүүст. Жишээ нь 1963 онд төрсөн туулай жилтэй гэрийн эзэнд бол зүгээр, харин 1958 оны нохойтой 6 цагаан мэнгэтэй эр хүн болгонд баруун хойд 00 маш муу байх нь.

- Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа