Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий талбайг нөөцөд авчээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэлэхдээ, "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Тост, Тосон бумбын нурууг нөөцөд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Нөөцөд авна гэдэг нь тус бүс нутагт хайгуулын лиценз олгохыг зогсооно гэсэн үг. Мөн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах юм" гэлээ.

Угаас 2012 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутгийн Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан. Тиймээс тэнд 16 лиценз байгаа ч одоогоор ашигт малтмал олборлох, хайх ажлыг зогсоосон байгаа билээ. Үүнээс гадна тэнд дахин лиценз олгогдохгүй нь ч тодорхой болсон. Олгох гээд ч илүү газар байхгүй.

Харин нутгийн удирдлагууд болон иргэд, ирвэс хамгаалах нийгэмлэгийнхэн уг газрыг Төрийн тусгай хамгаалалтад авахаар хөөцөлдөж байгаа. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг шийдсэн дүр эсгэж, мэдэхгүй хүмүүсийн тархийг эргүүлэн, нүглийн нүдийг гурилаар хуурав. Тодруулбал Тост, Тосонбумбын нурууг Төрийн тусгай хамгаалалтад авах асуудал шийдэгдээгүй гэсэн үг. Үүнийг тэд шийдэж, чадахгүй, шийдэхийг хүсэхгүй ийм өчүүхэн зүйлээр хэсэг ч болов хүмүүсийн амыг таглаж байгаа юм байна.

Н.Ганаа