Эдийн засгийн байнгын хороо энэ өдөр /2015.12.23/-ийн хуралдаанаараа найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс гурван асуудлыг хэлэлцэж, үлдсэн таван асуудлын хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Тус байнгын хорооны даргын хуулийн хугацаа дуусч буйтай холбогдуулан Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн нь байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Мөн Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхланг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Эцэст нь Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонслоо. Орон сууцны ипотекийн зээлийг олгох болсноор нийт 76,5 мянган өрх энэ зээлд хамрагдаад байна. Цаана нь 200 гаруй мянган өрх өргөдлөө өгчихсөн хүлээж байгаа аж. Гэвч Үндсэн хуулийн цэц 2015 оны 11 дүгээр тогтоолоо гаргаснаар арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийг зогсоочихсон байгаа юм. Уг асуудлыг хэлэлцэх үеэр танхимд нэлээд ширүүн маргаан үүсч байлаа.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нэг талаар иргэнийхээ эрхийг хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаар өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нь хаачихлаа. Учир нь цэцийн тогтоолоор зээлдэгч нь банкны зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан хөрөнгөө бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах нөхцөл үүссэн. Энэ нь зээлийн эрсдэлийг өсгөж байгаа тул арилжааны банкууд зээлээ зогсоочихлоо. Түүнчлэн банкуудаас 856,4 мянган иргэн, ААН-д олгосон 1,9 их наяд төгрөгийн зээлийн барьцаа болон 7,3 их наяд төгрөгийн хадгаламжтай иргэн, ААН-ийн хөрөнгийг эрсдэлд оруулж, системийг тогтворгүй байдалд оруулж байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та нарын хийсэн нүгэл бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр найман хувийн зээлээр санал худалдаж авсан явдал. Энэ чинь эргээд та нарт лай болж байгаа юм.” хэмээн уурсав. Бага, дунд орлоготой иргэдээ орон сууцтай болгох ажлыг нүгэл гэж үзэх төрийн түшээ бас байдаг л юм байна. Түүнийхээр бол иргэд өөрийн гэсэн орох оронгүй, насаараа бусдын оромжинд толгой хоргодож амьдрах ёстой гэж үү?