Эрүүл, мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан хориод байгаа. Үүнтэй холбогдуулан тэрбээр ЭМС-ын сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн.

Харин түүний орны хүнийг хэзээ томилох вэ гэдэг асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. ЭМС-ын сайдыг даруй томилох ёстой гэх шүүмжлэл ч зарим гишүүдийн зүгээс ирж байгаа. Тэгвэл уг асуултанд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ ингэж хариулав.

 

Тэрбээр "Гадуур буруу ойлголт яваад байгаа юм байна. Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал томилж, чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг Улсын Их Хурал үүрэгт ажлаас чөлөөлөөгүй болно. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлсний дараа нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан байна. 30 хоногийн хугацааг тоолж ч эхлээгүй болох нь тодорхой юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөн томилуулах нэр дэвшигчийн саналын хамт Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу ойрын хугацаанд асуудал шийдвэрлэгдэх биз ээ. Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын эрх, үүргийг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хариуцан ажиллаж байна" гэлээ.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn