Ч.Сайханбилэгийн албатууд хэлмэгдээд эхлэв

Хэнийи нь зөв, буруу, үнэн худал нь эс мэдэгдэх олон үйл явцыг манай их улс төрчид, төрийн эрх баригчид олон нийтийн шуугиан дундуур явуулах болсон. Энэ нь үнэн хэрэгтээ манай төр, засаг сул, эмх замбараагүй, хямралд идүүлж байгаагийн нэг томоохон илрэл юм.

Сүүлийн үед яг л иймэрхүү бас нэг шинэ дуулиан дэгдээд буй. "Улаанбаатар Төмөр Зам” хэмээх төрийн өмчит, Монгол Улсын стратегийн чухал нэгж болсон томоохон байгууллагын хувьцааг Хятадын талд шилжүүлэх гэж байна хэмээх асуудлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сүржин гэгч босгож ирэв. Сайд дарга, гишүүд дор бүртээ л сонгууль угтсан янз бүрийн дуулиан дэгдээж байгаагийн нэг гэж үзэх үү, үнэхээр ийм асуудал байгаа юу гэдгийг цаг хугацаа бидэнд харуулах байх.

Ямар ч байсан Монгол Улсын Гадаад хэргийн сайд хүн өөрийн биеэр ийм мэдээллийг тарааж, “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар төмөр замын хувьцааг Хятадын талд шилжүүлэхээр хүсэлт гаргаж байгаа тухай ноцтой мэдээллийг дэлгэнгээ Ерөнхий сайд болон Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлжээ. Тэрхүү бичигтээ тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж буйд хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн албан тоотыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригт нарт уламжилжээ.

Үүний хариуд хэргийн эзэн гэж сайдын хэлээд байгаа “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар хэвлэлийн хурал зарласан. Тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгааг мушгин гуйвуулж яриад байх шиг байна” гэсэн юм. Монгол, Хятад, Орос гурван улсын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд өндөр хөгжиж, хөрш гүрнүүдийн удирдагчид манай оронд айлчилсан, манай Ерөнхийлөгч ч цөөнгүй удаа урагш, хойш замнаж байгааг бид мэднэ. Ганц Ерөнхийлөгч ч биш Засгийн газар, УИХ-ын түвшинд олон асуудал хөрш орнуудтай яригдаж, хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ суусан.

Тэндээс үзэглэгдэж гарсан эхний ажлууд амьдрал дээр ажил хэрэг болж л баймаар. Гэтэл төр, засаг маань ажил хэрэг болгох нь байтугай ажлын хоорондын уялдаа холбоо байхгүй, яг л жаран чавганц суулгачихсан аятай хоорондоо толхилцож, түүнийгээ бүр хэвлэлээр зарлаж хэрэлдэх боллоо. Ерөнхий сайдын албатууд ийнхүү хэвлэлийн баатар болж байгааг Ч.Сайханбилэг хэрхэн тайлбарлах бол? Ерөнхийлөгч хүртэл хойд, өмнөд хөршийнхнийхөө өмнө нүүр хийх газаргүй болтлоо ичих нь лавтай даг аа. Мань хүн хэнийх нь буруу, хэнийх нь зөв гэх бол?

Монгол Улсын Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах ёстой. Тэгэхээр Л.Пүрэвсүрэн сайд иймэрхүү асуудлыг Засгийн газрын хуралдаан дээрээ ярьж, М.Зоригт сайд, Ерөнхий сайд нартаа дуулгаад тэр дор нь шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан билээ. Ингэж хэвлэлээр өөрийн биеэр зарлаж шуугиулаад, танхимынхаа нэр хүндийг унагааж, Ерөнхий сайдаа улайлгаад байх шаардлагагүй байсан болов уу. Нийтлэлч Баабар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлсэнтэй холбоотой бичсэн нийтлэлдээ “Гадаад яамны ховч хар” хэмээн хэн нэгний тухай нэгэнтээ дурдсан байдаг. Тэгвэл тэрхүү “Ховч хар” хэмээн цоллуулагч нь одоогийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өөрөө гэдгийг мань хүн энэ үйлдлээрээ илчилчихэв бололтой.

 

 

МАШ НУУЦ сонин 24/665