Мах бол хоёрдогч уураг гэдгийг бид мэддэггүй

Ногоон хоолыг олон нийтэд сурталчилсаар багагүй хугацааг үдэж, басхүү иог, бясалгалыг амьдралынхаа салшгүй нэгэн хэмнэл болгосон дуучин бүсгүй К.Номинжинг энэ удаагийн “Гоо танил” буландаа онцоллоо. Жаахан охин байхын бясалгалын гүнд нэвтэрч, ногоон хоолыг хэрхэн зөв зохистой идэх талаар гүн гүнзгий мэдээлэлтэй болсон түүний гоо сайхны ертөнцөд уншигч таныг хөтлөе!

“Суурь хүмүүжилд сонгодог урлагийн нөлөө их чухал”

Ийн ярих К.Номинжин жаахан байхдаа УДЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын удирдлага дор балетаар хоёр жил гаруй хугацаанд хичээллэдэг байжээ. Балетмейстер Д.Дашлхагва бол энэ цагийн шилдэг балетын бүжигчдийг бэлтгэсэн гавьяатай багш. Энэ хүнээр хичээл заалгаж байсандаа үргэлж олзуурхаж явдаг К.Номинжин балетаар хичээллэснээр зан чанарын хувьд тодорхой хэмжээнд төлөвшиж, бие махбодын хувьд уян хатан, эвсэлтэй болсон байна.

12-хон настай жаахан охин анх иог, бясалгалаар хичээллэж эхэлсэн бол өдгөө 10 гаруй жил үүгээр өөрийгөө цэнэглэж, амьдралынхаа салшгүй хэсэг болгожээ. Урлагийн хүн учраас цаг наргүй ажиллах өдрүүд олон байдаг ч гэсэн бага ч болов зав чөлөө гарсан үедээ бясалгалаа хийж, эрч хүчээ сэлбэдэг гэлээ. Түгжрээ ихтэй үедээ машиндаа бясалгалаа хийгээд ч амждаг байна. Энэ зун тэрээр олон улсын эрхтэй иогийн багшийн эрхээ АНУ-ын “Tai Chi Yoga Center”-ийн сургалтанд сууснаар олж авсан учраас К.Номинжинг иогийн багшаар ажиллаж эхэлбэл гайхах зүйл байхгүй нь ээ. Уг сургалтанд суусан гол зорилго нь зөвхөн багшлах эрхдээ биш, харин өмнөх иогоор хичээллэж байсан дадлага туршлагаа баталгаажуулахын тулд гэдгийг тэрээр энэ үеэр онцолж байлаа.

К.Номинжин Төгс гэгээрсэн их багш Чинхайн шавь төдийгүй 13 настайгаасаа өдийг хүртэл түүний “Гэрэл аялгууны бясалгал”-ыг хийсээр иржээ. Уг бясалгалыг хийснээр бие физиологийн хувьд хүний эд эс, генийн түвшинд хүрч, нөхөн төлжүүлж сэргээж, оюун санааны хувьд дотоод амар амгаланг мэдрүүлээд зогсохгүй ухамсрын түвшинг дээшлүүлдэг онцлогтой.

“Миний хичээллэж буй “Гэрэл аялгууны бясалгал” нь ямар ч шашинтай хамааралгүй. Цэвэр шинжлэх ухааны үндэслэл дээр батлагдсан дотооддоо байгаа эерэг энерги буюу гэрэл аялгуу дээрээ төвлөрч, түүгээрээ өөрийгөө цэнэглэдэг бясалгал юм. Энэхүү бясалгалаар бүх шашны хүмүүс болоод бүхий л насны хүмүүс бясалгадаг.”

10 гаруй жил бясалгаж, өөрийнхөө дотоод ертөнцтэй холбогдож, жинхэнэ сэтгэлийн амар амгаланг олсон тэрээр гадны ямар нэгэн зүйлд автахгүй, өөрөөрөө байж чаддаг байна. “Хүмүүс гаднаас амар амгаланг эрээд байдаг. Тэрийг нэг тэгчихвэл би аз жаргалтай, амар амгалан болно гэдэг. Тэрхүү амар амгалан нь түрхэн зуурынх байдаг. Харин насан туршийн жинхэнэ амар амгалан өөрийнх нь дотор нуугдаж байдгийг хүмүүс мэддэггүй” хэмээн ярих К.Номинжин хүмүүсийг бясалгал хийж, өөрийнхөө дотор байгаа асар их эерэг энергитэйгээ холбогдохыг энэ дашрамд уриалсан.

Бясалгал залуу насыг хадгалдаг...

Сэтгэлийн амар амгаланг олсон хүн барагтаа л аливаад унтууцаж, уурлаж бухимддаггүй. Үргэлж сайхан зүйл бодож, сайхан энергитэй байдаг хүний хөгшрөлт удаан явагддаг ч гэдэг. Тэгвэл үүний нэгэн баталгааг К.Номинжингоос харж болохоор. 10 гаруй жилийн дараа түүнтэй уулзсан хүмүүс ямар ч өөрчлөгдсөн зүйл алга хэмээн хэлдэг байна. Үнэхээр ч дэргэдээс нь яриад суухад арьс нь яг л хүүхдийнх шиг булбарай зөөлөн, өө сэвгүй цэвэрхэн харагдсан. Энэ бүхэн нь бясалгал, мөн ногоон хоол иддэг зэрэгтэй нь холбоотой.

Ногоон хоол идэж, иог, бясалгалаар байнга хичээллэдэг болохоор үргэлж хөнгөн шингэн байдаг гэлээ. Тэрээр холимог арьстай. Энэ төрлийн арьс маш их арчилгаа шаарддаг ч К.Номинжингийн хувьд арьсны ямар нэгэн асуудал барагтаа л гардаггүй гэсэн юм. Оройдоо гүн цэвэрлэгээгээ хийчихээд энгийн өдрүүддээ арьсаа амраан, будаг шунх хэрэглэхгүй байхыг эрхэмлэдэг байна. Урлагийн хүн учраас олон нийтийн арга хэмжээнүүдэд орохдоо л будаг хэрэглэдэг гэлээ.

 

АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЖИЙРХДЭГ

 

Амьтны гаралтай хувцас хэрэглэлийг энд яриад ч хэрэггүй. Амьтны аминд хүрсэн ямар ч хоол хүнс, хувцас хэрэглэлээс татгалздаг тэрээр гоо сайхны бүтээгдэхүүнээ ч гэсэн жинхэнэ байгалийн гаралтай органикийг сонгон хэрэглэдэг байна. Одоогийн байдлаар Солонгосын ургамлын гаралтай гоо сайхны иж бүрдэл бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа бөгөөд Монголдоо байхдаа Ив Роше, Орифлем зэрэг брэндийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээс сонгон хэрэглэдэг байна.

СҮРЧИГ ОГТ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ

Мөн ихэнх үнэртнийг амьнаас гарган авдаг хэмээн сүрчгийг огтхон ч хэрэглэдэггүй гэлээ.

К.Номинжин баруун гарынхаа бугалга дээрээ ийм шивээстэй. Улаан нь махан биеийг, шар нь сүнсэн биеийг бэлгэдэж уг шивээсийг хийлгэжээ.

НОГООН УРГАМАЛ БОЛ АНХДАГЧ УУРАГ

12 жилийн өмнө цагаан хоолтон болж, харин 6 жилийн өмнөөс бүр ногоон хоолтон болсон К.Номинжин хүмүүсийг ч гэсэн махны хэрэглээгээ хязгаарлая хэмээн уриалсаар ирсэн.

“Амьд амьтныг хүчээр хороож, тэр махыг нь иднэ гэдэг маш их сөрөг энергийг өөртөө авдаг, үүнээсээ улбаалж хүмүүс амархан унтууцаж, уурлаж уцаарладаг. Тиймээс мах идэхгүй, махнаас авах уургаа ногоон ургамлуудаасаа л нөхөөд авчихна шүү дээ.”

Монголчууд эрс тэс уур амьсгалтай болохоор түүнийгээ тэсч гарахын тулд мах идэх хэрэгтэй гэдэг. Гэтэл махнаас илүү уураг агуулж байдаг хүнсний ногоо маш олон төрөл байдаг. Мах бол ердөө л хоёрдогч уураг, мал уургаа идэж буй ногооноосоо олж авч, түүгээр боловсруулагдан хүнд хүрдэг учраас тэр гэнэ. Тиймээс өөрийгөө хөнгөлж, мөн эрүүл мэндээ бодож мах идэхээ зогсооё хэмээн уриаллаа.

К.Номинжин өглөө босоод ус уухын хажуугаар жимсний чанамалтай хар талх, заримдаа шинэ ногооны салат хийж идчихээд гэрээсээ гардаг байна. Өдөр, оройн хоолоо өөрийн цагаан хоолны “Луна Бланка” ресторандаа иддэг. Цагаан хоол гэхээр л будаа, ногоо санаанд буудаг цаг хэдийнээ ард хоцорчээ. Яг л өдөр тутмын хоолоо хийж идэх боломжтой төдийгүй махаа шар буурцгаар орлуулахад л хангалттай гэнэ. Хэрхэн шар буурцгаа амтлах жороо энд хүргэж байна.

1. Шар буурцагны хатаасан “Мандала” уургийг 80 хэмийн халуун усанд 15-20 минут буюу зөөлөртөл нь дэвтээнэ.

2. Дэвтсэн уургийг цэвэр усаар усны өнгийг цайртал сайтар зайлна.

3. Зайлсны дараа дэвтсэн уургаа эвдэлж гэмтээлгүйгээр базаж, уснаас шүүж авна.

4. Базаж авсан уургийн өнгийг бага зэргийн жан-юугаар борлуулж болно. Мөөгний амттай, эсвэл өөрийн дуртай амтлагчаараа амтлаарай.

5. Амталсан уургаа тосонд шарна.

6. Шарж бэлтгэсэн уургаа гүнждийн тос, гоньд, сонгино, саримс зэргээр амтлан хүссэн бүх төрлийн хоолондоо хийнэ.

 

 

Эх сурвалж: www.ubs.mn