2016 гэх өнгөрсөн онуудаасаа нэлээд зүйлээр онцлог байх шинжтэй нэгэн жил гараад хэд хоног сайхан амарцгаалаа. Сайхан ч өвөл болж байна.

Ганц нэг нутгаар жаахан ахиухан орсныг эс тооцвол шүү дээ. Мөн он гаргаад л Цагаан сараа чилийтэл хүлээгээд хэвтчихдэг заншил энэ жил давтагдахгүй. Давтагддаггүй ч юм. Яагаад гэхээр сонгуулийн жил. Тэгээд л бүтэн жилжингээ сонгуулиар амьсгалдаг. Ингэнэ, тэгнэ гэж ярина. Ингэлээ тэглээ гэж хуучилна.

 

Юутай ч энэ нэгдүгээр сараас эхлээд Монголын улстөрийн амьдрал ямар ч байсан дуулиантай үйл явдлаар тасрахгүй гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгууль, эвсэл нам, Экс Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Э.Бат-Үүл гээд дуулиан шуугиан гарах магадлал өндөртэй “обьектууд” байна аа, байна.

 

Асуудал АТГ-аас эхэлнэ

 

Энэ байгууллагыг татан буулгах энэ тэр гэсэн асуудал огт биш шүү. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголын төрд дахин бодитойгоор хөл тавих уу, үгүй юу гэдгийг зөвхөн АТГ-аас ойрын өдрүүдэд гаргах нэгэн бичиг бүрэн шийдвэрлэх тухай дээр доогүй шуугиж байна. Ингэхэд түүнийг төрийн нэлээд өндөр сэнтий дээр дахин заларна гэхээс үхтэлээ айж байгаа нөхдүүд ч харагдана, баярлаж буй нь ч бас бий. Товчхон хэлэхэд энэхүү бичгээрээ АТГ нь Н.Энхбаяр гэдэг хүн ялтай, ялгүй эсэх, улстөрийн албан тушаал хашиж болох, болохгүйн ялгааг гаргаж өгөх юм билээ.

 

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тун удахгүй нэг л нартай өдөр МУ-ын Шадар сайд болчихсон, өнөөгийн Ерөнхийлөгчийн өрөөний үүдэн дээр сууж байхыг хэн ч үгүйсгэхгүй байна.

 

Энэ зүг Н.Энхбаяраас гадна МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш анхааралтай харж байгаа нь тодорхой. Монголдоо л нэлээд егзөр хуульчид гэгддэг нөхдийн ярьж буйгаар бол Н.Энхбаярын эдлэх ёстой ял хуулиар өршөөгдсөн тул түүнд өдгөө төрийн албанд орох бүрэн эрх бий гэдэг. Бас АТГ л түүнийг улаан цайм гөрдөхгүй юм бол гэж тодотгодог юм. Хэрвээ энэхүү егзөрүүдийн үг үнэн бол экс Ерөнхийлөгч тун удахгүй нэг л нартай өдөрМУ-ын Шадар сайд болчихсон, өнөөгийн Ерөнхийлөгчийн өрөөний үүдэн дээр сууж байхыг хэн ч үгүйсгэхгүй байна.

 

АН-ынхан МАХН-тай эвсээд “Хар машинтайгаа” хавсайдах юм бол баараггүй ялах нь тодорхой.

 

Мөн нөхцөл байдал ингэж эргэсэн тохиолдолд манай улстөр ёстой нэг бужигнаж өгөх төлөвтэй байгаа талаар амтай бүхэн дуугарч буй. Мэдээжийн хэрэгН.Энхбаяр Эрүүл мэндийн сайд болохгүй. Наад зах нь энэ зууны онигоо болж таарна. Харин Шадар сайд гэвэл өөр хэрэг. Ядахдаа л зурагт, сонингоор гараад бужигнуулж өгөх нь тодорхой л доо. Тийм болохоор түүнийг хоригдож байхад янз бүрийн эм тариа хийх гээд байсан эмч нар огтхон ч айхгүйгээр ажил төрлөө хийж болно оо.

 

Ингэхэд Н.Энхбаярыг Шадар сайд болгох сонирхол лав эрх барьж буй намын ихэнхэд бий. Үүнийгээ ч нэг их нууж хаадаггүй. Ерөөсөөулстөр гэдэг ийм увайгүй, бохир заваан гэдэг тодорхойлолт авдагийн нэг учир нь энэ л дээ. Иймэрхүү үйлдэл. Ичиж эмээнэ ч гэж ёстой гонж. Ингэхэд АН-ынхан сайндаа ч түүнд ханд өгөөд байгаа юм биш. Хэтийн зорилго нь болох ирэх сонгуульд яавал ялалт байгуулах вэ гэсэн бодолдоо л түр хугацаанд хөтлөгдөж буй хэрэг. Яагаад гэхээр АН-ынхан МАХН-тай эвсээд “Хар машинтайгаа” хавсайдах юм бол баараггүй ялах нь тодорхой гэдгийг эрхбиш таамаглалгүй яав гэж. Үүний төлөө ч анх Н.Энхбаяртай Н.Алтанхуяг хамтарч ажиллах талаар гэрээ байгуулсан ч Э.Бат-Үүл нарынхаа радикалуудад “алуулах” шахаад огцорч байв. Харин одоо холыг харж, хоёрыг бодсон байна шүү гэдгийг энэ намынхан ойлгосон бололтой харагддаг. Тиймээс Ерөнхий сайд л гэхэд Н.Энхбаярыг Шадар сайдаар томиллоо гэхэд нэг их татгалзахгүй гэдгээ үгийн завсар эвтэйхэн дайгаад, хууль ном нь ямар юм бол доо гэсэн шүү юм яриад суугаа шүү дээ.

 

УИХ тарах уу?

 

МУ-ын Ерөнхийлөгчийн суудлыг хамгийн сүүлд өгч, авалцсан манай хоёр нөхөр хоорондоо тийм ч сайн бус харьцаатайг бид мэднэ. Хоёулаа л бие биенээ аль байдаг муу үгээр булцгааж байгаа харагддаг. Тиймээс одоогийн Ерөнхийлөгчийн төрөлх АН нь МАХН-тай сонгуульд эвсч орно гэдэг Ц.Элбэгдоржийн нүдэнд айдас төрүүлэхгүй байхын аргагүй юм. Ойлгож ч байна.

 

Наамбар ваань гэдэг чинь базарваани нэгэн цагт түүний хөлийг хэн хэн гозгонуулсаныг мартана гэж ёстой гонж. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эксийг Засгийн хаалгаар аль болох оруулахгүйг хичээх нь тодорхой. Аргууд ч байгаа биз. Наад зах нь түүнд АТГ байна. Н.Энхбаярт гохдуулах зүйл захаас аваад замаар нэг бий.

 

Н.Энхбаяр тун олон дайсантай юм аа. Төрөлх МАН-д нь л гэхэд зөндөө дайснууд байна. Ядаж байхад тэдний ихэнх нь энэ намын лидерүүд. Лидерүүдээ лойдорууд нь дагадаг болохоор МАН алсын зорилгоо бодоод МАХН-аа татчих санаа байвч, сачий нь дутаж буй. Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрдөггүй хэсгээ хэрхэн яаж аргалах вэ гэдэг асуудал МАН-ын толгойны өвчин болжээ. Нөгөө талаас Н.Энхбаяр Шадар сайд болоод, АН-тай ирэх сонгуульд хавсайдаж орох нь нэгэнт тодорхой болвол МАН энэ УИХ-ыг тараах байх. Үүнийг мэдээжийн хэрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёстой л наашаа харж уйлж, цаашаа харж инээж байгаад дэмжиж таарна. Ингэж байж Н.Энхбаярын нэгэн хүслийг хаана. Өөр ямар ч зам байхгүй. Намынхнаа ятгаад ч дийлэхгүй. Намын эцсийн зорилго улстөрийн сонгуульд ялж, Засгийн эрхийг авах явдал болохоор тэрбээр АН-ын өмнө яаж ч чадахгүй л дээ.

 

“Женко” ба УИХ-ын дарга

 

Аливаа дайнд хүч хэрэгсэлээ хэрхэн хаана байрлуулахаас гадна хэнтэй хамтарч, хавсайдах вэ гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Энд элдэв жишээ татаад байх шаардлага алга. Дэлхийн түүхийг сөхөөд харахад л хангалттай. Ерөөсөө аливаа улсын түүх тэр аяаараа дайн байлдааны түүх байдаг л даа.

 

Улстөрийн сонгууль ч бас нэгэн зэвсэггүй томоохон тулаан мөн. Тиймээс онцгой нөхцөл байдаг үүсдэг. Үүсдэг учраас сонгуулийн “штаб”-ыг байгуулдаг юм. Ингэхэд зөвхөн цэргийн газар л штаб гэж бий шүү дээ. Харин социализмын үед айхтар зуд болсон гэхэд “Төлийн штаб” гэдгийг байгуулдаг байв. Энэ нь мөн л онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор авч байгаа арга хэмжээ л дээ.

 

Нэгэн цагт “Женко” тун хүчтэй байсан. Харин одоо үгүй. Төмөр замын төслөөс өч төчнөөн тэрбум төгрөг цохисон гэх дуулиан түүнийг одоогоор нам гүм болгоод авах шиг харагдах болж. Мөн өдгөөгийн Ерөнхийлөгчтэйгөө ч тангараг тасарсан бололтой. Магадгүй мань “Женкогийн” “идэж уух” нь хэрээс хэтэрсэн тул найз Ерөнхийлөгч нь хоёр гарынхаа алгыг түүний зүг харуулсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эрхэм “Женко”-д одоохондоо бага зэргийн түшиг тулгуур болох хүн нь З.Энхболд хэдий ч тэрбээр намынхаа үе үеийн бусад дарга нар шиг хүч нөлөө тун бага учир түүний хэтийн зорилгод хэрхэн нөлөөлөхийг одоогоор хэлж мэдэх зурхайч алга байна билээ. Гэхдээ Ц.Элбэгдоржийн эсрэг “Женко”, жижиг дарга, Н.Энхбаяр нар хамтраад “цэрэглэн” хөдлөхийг хэн ч үгүйсгэхгүй байна.

 

Н.Энхбаярын бодол №3

 

Үхэхээс бусдыг нь үзлээ гэдэг шиг өнгөрсөн хугацаанд жаргал зовлонгийн туйл гэж ямар юм байдгийг махан биеэрээ амссан Н.Энхбаярын толгойд янз бүрийн л төлөвлөгөө бий байх. Ер нь аливаа асуудалд мөн ч олон хувилбараар үзнэ шүү дээ. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гээд угаасаа л угсраа мэхтэй бөх шиг аливаа бүхнийг урьдчилан хэд хэдэн хувилбараар төлөвлөдөг болсон гэлцэнэ билээ. Тэрбээр МАН болоод АН-тай энэ сонгуульд хамтарч оролцох “хандыг” дээгүүр, доогуур янз бүрийн шугамаар өгөөд байгаа нь үнэн. Энэ завсар түүний толгойд огт өөр төлөвлөгөө боловсорч явааг бас анзаарахгүй байхын аргагүй юм.

 

Түүнд өдгөө “Гуравдагч хүчний эвсэл” гэсэн нэгэн тугийн дор парламентад суудалтай МҮАН-аас авхуулаад суудалгүй 20 гаруй улстөрийн намуудаар өөрийгөө хүрээлүүлэх бодол байгаа. Энэ бол түүний нөөц хувилбар. Ийшээ яваад нөгөөдүүл нь хүлээж авахгүй бол эргэхдээ ингэнэ дээ гэсэн төлөвлөгөө л дөө. Харин түүний энэ эвсэлд ИЗ-НН нэгдэх эсэх нь тодорхойгүй. Өнгөрсөн сонгуулийн хуулийн нэмэлтээр ИЗ-НН ч бас л эвгүй байдалд орчихсон шүү дээ. Угшлаа дагавал АН-тай нийлэх учир явдал бий ч ийм асуудал яригдаад эхэлбэл хоёр хуваагдах магадлал өндөр. Ингэхэд ИЗ-НН-д түүхэндээ гурав тасарч байсан тохиолдол бий бөгөөд “Могой гурав тасравч...” гэдгийг амьдрал дээр нотолсон нам яах аргагүй мөн.

 

Н.Энхбаяр ийм эвсэл байгуулснаар ямар ч байсан УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэдэгт итгэлтэй яваа байх. Нөгөө нийлж, эвсч байгаа нь ч бас тэгж бодож таарна. Өөр гарц байхгүй л дээ. Одоо дангаараа үзээд хүссэн хүсээгүй МАН, АН-ын дээр гарахгүй гэдгийг аль аль далдаа ойлголгүй дээ, даанч.

 

Харин сонгуульд эвсч ороод бүлэг байгуулах хэмжээний санал авахгүй бол Н.Энхбаяр “Хар машины луйвар” гэсэн уриатай бас нэгэн “Долдугаар сарын 1” төрүүлэхийг үгүйсгэхгүй байна. Тэгээд ч хэрвээ сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадахгүй бол түүний өөрийнхөө арьсыг аврах ганц арга нь энэ. Бас нөлөөлөх өөр хүчин зүйлүүд ч бий. Тухайлбал, МАН л гэхэд сонгуулийн хуулийнг батлуулах гэж араасаа 20 гаруй нам дагуулан жагсч байгаад, яг хуулиа батлах дээрээ нөгөөдүүлээ хулхидаж орхисон тул эдгээр намууд МАН-ыг маш ихээр занаж буйг нуугаад яах ва дээ.Энэ сард ерөнхийдөө иймэрхүү л улстөр та биднийгээ зугаацуулах шинжтэй.

 

Д.Гал

http://www.24tsag.mn