УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн охин Э.Содгэрэл “Төгс эрдэм сан”-ын нэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд зориулан барилга бариулсан байдаг.

Гэвч уг барилгаа өнгөрсөн жил 13 давхар түрээсийн оффис болгочихсон байгаа юм. Мөн С.Эрдэнэ гишүүн “Их тамир” ахмадын амралтын газрыг босгож, ихээхэн ашигтай ажиллахын зэрэгцээ “Гурван тамир” дунд сургуулийг анх үүсгэн байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургана гэж байсан ч одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусдын адил төлбөртэй сургаж байгаа юм байна. Мөн үүнээс гадна “Их тамир” амралтын газрын ойролцоо буюу Хандгайтын амыг бараг тэр чигт авсан бөгөөд тэндээ “Хандгайт” хотхон сүндэрлүүлж, орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулсаар байгаа юм.

Тэгвэл түүний барилга бариулж, хөрөнгө босгодог ажил нь үүгээр дуусгавар болоогүй бололтой. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын ажилчдын орон сууц, хүүхэд хөгжлийн төвийн барилга, Баянгол дүүргийн тасгийн барилга зэрэг нэлээд хэд хэдэн барилга барих зөвшөөрөл авчихсан байгаа юм байна.

Дээрх барилгуудыг Баянгол дүүргийн нутагт барихаар төлөвлөжээ. С.Эрдэнэ өмнө нь тус дүүргийн засаг дарга хийж байгаад УИХ-д орсон түүхтэй. Тиймдээ ч дүүргийн газар нутгийг хувийн эзэмшлийнх мэт аашилдаг учир Баянголыг “Эрдэнэ вангийн хошуу” гэж хошигнодог болсон юм билээ.

Тэрбээр уг хочоо батлах мэт аашилсан нь оны өмнөхөн, бүх нийтийн амралтын өдрөөр Нийгмийн даатгалын ажилчдыг ажлаас хална хэмээн айлгаж, сонгуулийн сурталчилгааны материалаа тараалгасан байгаа юм. Энэ тухай бид өмнө нь мэдээлснийг унших бол энд дар.

Хууль бусаар улсын халамжийн мөнгийг хувийн бизнесрүүгээ оруулдаг, дархлагдсан даамал С.Эрдэнийн дараагийн барилгын ажил шудрага байгаасай гэж залбирахаас илүүг ард түмэн хийж чадахгүй юм байна. Учир нь түүнтэй холбоотой хэргийг сэтгүүлчид олон нийтэд ил болгоод өгсөн байдаг ч хууль хяналтын байгууллагынхан шалгахгүй байгаа юм.

Мөн үүнээс гадна түүнийг гэр бүлийн бизнес тоолж баршгүй олон байгаагийн наад захын жишээ нь дээрх хөрөнгүүд. Гэтэл тэрбээр УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Тавантолгойгоос хувь эзэмшихээс өөр орлогогүй гэжээ. Ийм байтал түүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгийг үнэн эсэхийг АТГ-ч шалгахгүй байна. Эндээс харахад хууль гэдэг нь жирийн иргэдэд хамаатай болохоос олгиархуудад өчүүхэн ч хамаагүй бололтой юм.

 

Н.Ганаа