МҮОНТВ буюу "Монголын мэдээ" суваг бусад хэвлэл мэдээллийнхний эрхийг хааж боогдуулах алхам хийж байнагэх шүүмжлэл явах боллоо. Учир нь бусад телевизийн сувгууд байрладаг 11-р сувагт эднийх хүч түрэмгийлэн орж ирэхээр, реклам сурталчилгаагаа аль хэдийнэ цацаад эхэлжээ.


Үүнд эрхээ хязгаарлуулах гэж буй телевизүүд төдийгүй ард иргэд дургүйцлээ хүчтэй илэрхийлж байна.


Үүнээс болж
тус телевизийг “Дээрэмчин телевиз” гэх нэрээр хүртэл дуудаж эхэллээ.


МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр сэтгүүлч Ц.Мөнхтөрийг томилсон. Тэрээр Үндэсний ТВ-1 суваг, MNB.MN сайт, ММ агентлаг, радиогийн "Хурд" агентлагийг нэгтгэсэн "Монголын мэдээ" суваг буюу Үндэсний ТВ-2 сувгийг удирдах болсон. Тэгвэл энэ бүх асуудалд тэрбээр нэн даруй хариулт өгөх цаг болсон биз ээ.


Дээрх асуудлаас болж Монголын телевизүүдийн холбооноос хүртэл МҮОНТВ-д мэдэгдэл хvргүүлсэн байна. Мэдэгдэлд “МҮОНТВ өөрийн веб хуудас болон, цахим хуудсуудаараа, эрх бүхий албан тушаалтанууд нь 2016-01-11-ээс эхлэн IPTV буюу
Юнивишн, Скаймедиа, ДиДиЭш, Сансар-н 11 дээр мэдээний суваг байрлана гэсэн мэдээлэл тараажээ. Дээрх IPTV болон 11 дээр байрладаг, C1, Тв5, 11 р суваг, Монгол ТВ, VTV-д ямар нэг албан ёсны мэдэгдэл огт ирээгүй, энэ талаарх бүгд огт мэдэхгүй байхад МҮОНТВ-н хэрэг эрхлэх газрын дарга Ц.Оюундарь ийм мэдэгдэл хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тусгагдсан хувийн хэвшлийн эрх, бизнесийн эрх ашиг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллагын давуу эрхээ зүй бусаар хэтрүүлэн ашигласан ёс зүйгүй үйлдэл гэж МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО үзэж байна. Тиймээс Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа телевизийн салбарт огт гарч байгаагүй ёс зүйгүй үйлдэл, хууль бус сурталчилгаагаа албан ёсны баталгаатай мэтээр олон нийтэд зарлаж үзэгчидийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэжээ.


Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тусгагдсан хувийн хэвшлийн эрх, бизнесийн эрх ашиг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллагын давуу эрхээ зүй бусаар хэтрүүлэн ашигласан ёс зүйгүй энэхүү үйлдэлд нь иргэд дургүйцлээ сошиал ертөнцөөр илэрхийлсээр байна.


Тухайлбал, “VTV” телевизийн зүгээс “MNB зах зээлийн хуулиараа бусад ТВ-тэй өрсөлдөж, контент хөгжүүлж, хүмүүс цалинжуулдаг газар мөн билүү? Хэдэн тэрбум төгрөгийг төрөөс зүгээр авдаг (2015 онд 7 тэрбум гаруй төгрөг). Гэтэл бид үзэгчдэд танин мэдэхүйн, хөгжөөнтэй, сонирхолтой, өгөөжтэй, бусадтайгаа өрсөлдөх олон олон нэвтрүүлгийг өөрсдийн хүч чадлаараа бүтээсээр ирсэн, тэгэх ч болно. IPTV-ийн эрин зуунд Univision-ий 11-р суваг дээр VTV гардаг гэдгийг хүмүүст хүргэх гэж нойр хоолгүй хэдэн арван хүн хүчин зүтгэж байхад энэ мэт вирус шиг юм ороод ирэхээр ой гутах юм. MNB-ийн захирал Оюундарь мэтчилэн мөрөөдлөө шууд ХҮЧЭЭР ажил хэрэг болгохыг оролддог, бусадтайгаа буюу бидэнтэй ярилцаж зөвшилцөлгүй "ар хударга" зантай нөхдүүд болиорой хөөе!!! Эрүүл сэтгэхүйгээр өрсөлдөж чадахгүй бол ажлаа өөр чаддаг хүнд нь өгөөчдээ. МҮОНТВ сүүлийн 3 жилд төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг техникийн шинэчлэл нэрээр төсөвлөж авсан. Гэтэл HD болж чадаагүйг бүгд мэдэж байгаа. 1 тэрбум төгрөгөөр гурван ч сувгийг HD болгож чадсаныг жиргээнд хүмүүс бичээд байна. Төр хувийн хэвшлээ дээрэлхэж дээрэмдэж болдог гэж бодож байвал эндүүрч байна шүү” хэмээн олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ үлдээжээ.


Мөн зарим иргэдийн зүгээс “Нэгэнт шинэ суваг нээж байгаа юм бол олон жил энэ суваг дээрээ ажиллаж үзэгчидэд танил болсон
тв-үүдийг сувгийг төрийн нэрээр булааж байгаад нь үнэхээр зэвүү хүрч байна”, “Ер нь бол цэцэрлэгт өдрийн хоолоо идэж суугаа хүүхдийг нэг том биетэй баньд дээрэлхэж түлхэж унагаад суудал дээр нь тухлахтай ижил үйлдэл мөн үү?” “11-р сувгийг дээрэмдэх гэж байна” гэх мэтээр үг “чулуудаж” эхэллээ.

 

Ер нь нийгэмд эрүүл сэтгэхүйгээр өрсөлдөнө гэдэг зайлшгүй байх ёстой асуудал. Харин энэ бүхнийг үл тоон зарим зүйлсийг хүчээр шийдэх гэж байгаа МҮОНТВ-ийн энэ үйлдэлд уншигч та ч тодорхой “үнэлгээг” өгсөн байгаа биз ээ.


Энэхүү асуудлыг төр засгийн удирдлагууд ч “овоо хараа”-ндаа авч шударга өрсөлдөөн, хэвлэлийн эрх чөлөө, хууль дүрэмд нийцэхүйц шийдвэр гаргахыг олон нийтийн зүгээс хүсч байна.

Д.Дуулим

http://www.24tsag.mn