Иргэдийн дунд НӨАТ талаар дутуу ойлголттойгоос болж, аж ахуйн нэгжүүд үнэтэй кассын машин авах юм байна гэх болсон. Тэгвэл бид та бүхэнд НӨАТ-ын талаар болон сугалааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Борлуултын орлого нь 50 сая төгрөг хүрээгүй бол НӨАТ-аас чөлөөлөгдөнө

Хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагааны орлого 50 сая төгрөг хүрсэн бол заавал татварын албанд бүртгүүлэн суутган төлөгчөөр бүртгүүлэх юм. Харин борлуултын орлого нь 10 сая төгрөгт хүрсэн бол сайн дураараа бүртгүүлж болно. Иймд тухайн иргэн аж ахуйн нэгжийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бөгөөд иргэдэд НӨАТ падаан өгөхгүй юм. Гэхдээ заавал сугалаатай баримт олгоно. Иймээс аливаа нэгэн үйл ажиллагаа эрхэлдэг бол заавал www.ebarimt.mnсайтад бүртгүүлэн иргэдэд сугалаатай НӨАТ-тай баримт эсвэл сугалаатай баримт олгоно гэсэн үг юм. Жишээлбэл, найман нэрийн дэлгүүр, үсчин, жижиг худалдаа эрхэлдэг иргэдийн хувьд орлого нь 50 сая төгрөг хүрдэггүй бол НӨАТ баримт олгохгүй, яагаад гэвэл тухайн үйлчилгээ үзүүлсний төлөө НӨАТ шингээдэггүй гэсэн үг юм. Гэхдээ худалдан авагч үйлчилүүлэгчдэдээ заавал сугалаатай баримт олгох үүрэгтэй.

Харин тухайн хувь хүн аж ахуйн нэгжийн хувьд борлуултын орлого нь 50 сая төгрөг хүрсэн бол заавал НӨАТ суутгагчаар бүртгүүлэн иргэдэд НӨАТ-тай болон сугалаатай баримт олгоно. Татварын ерөнхий газраас НӨАТ суутгагч болон суутгагч биш аж ахуйн нэгжүүдийг иргэдэд таниулах үүднээс тусгай наалтыг наахаар болсон байна.

Худалдан авагчийн цахим шуудангаар баримтыг шилжүүлж болно

Аж ахуйн нэгжийн дунд Татварын ерөнхий газраас үнэтэй кассын машин шахаж байна гэх болсон. Тэгвэл заавал үнэтэй кассын машин авахгүй байх хэд хэдэн боломж байгааг таньд танилцуулж байна.

Хэрэв та кассын машинтай бол:

-Кассын тоног төхөөрөмжөө интернет холболттой болгох

-Кассын программ хангамжийг Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программтай холбох

-Термал принтер болон баримтын цаас байхад болно

Хэрэв та кассын машингүй бол:

-Монголд зарагдаж буй кассын машинуудаас сонгохоос гадна БНХАУ-аас хямд үнээр авах боломжтой.

-Томоохон зах, худалдааны төвүүд төлбөрийн баримт хэвлэх дундын төхөөрөмжийг худалдан авах боломжтой. Дундын төхөөрөмж байршуулснаар заавал кассын машин хэрэггүй. Тухайн зах, худалдааны төвийн худалдагч интернет холболттой утас, таблет, компьютэр байхад www.ebarimt.mn хаягаар орон тухайн хэрэглэгчдэд тусгайлсан зургаан оронтой тоог өгснөөр. Худалдан авагч төлбөрийн баримт хэвлэх дундын төхөөрөмжинд дээрх зургаан оронтой тоог хийн баримтаа хэвлэн авах боломжтой юм. Түүнчлэн заавал баримт гэлгүй тухайн худалдан авагчийн цахим хаягаар баримтыг шилжүүлж болох ажээ.

Түүнчлэн ААН, байгууллагад өгөх төлбөрийн баримтаар сугалаа болон 20 хүртэл хувийн урамшуулал олгохгүй. Тэгвэл иргэдийн хувьд НӨАТ болон сугалаатай баримт авсан бол 15 хоногийн доторwww.ebarimt.mn сайтад бүртгүүлэхгүй бол хүчингүй болно. Мөн бүртгүүлсэн баримт тань 3 хоногийн дотор баталгаажихгүй бол худалдан авалт хийсэн аж ахуйн нэгж рүүгээ хандан баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлт тавих эрхтэй.

Н.Энхбат: Сугалаатай баримтаа хаяж болохгүй

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын анхны сугалаа энэ сарын 17-нд болно. Та худалдан авалт хийснээсээ хойш 15 хоногийн дотор баримтаа бүртгүүлснээр сугалаанд оролцох боломжтой болохыг “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д заажээ. Хэрэв энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд таны баримтыг хүчингүйд тооцох аж.

Та татварын нэгдсэн системд холбогдсон албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтаар сугалааны урамшуулалд оролцохоос гадна төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авах боломж бүрдэнэ.

НӨАТ-ын урамшууллын сугалааны урамшууллын талаар НӨАТ-ын төслийн стратеги албаны захирал Н.Энхбаттай ярилцсан юм.

-Сугалааны хонжвол сар бүр болох уу?

- Сугалаа явуулах үйл ажиллагааг орон даяар сар бүрийн гурав дахь ням гаригт 19:00 цагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна хэмээн журамд тусгасан хэдий ч эхний ээлжинд 14 хоногт нэг удаа сугалааны тохирлыг явуулна гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлсэн. Анхны сугалааны тохирол энэ сарын 17-нд болно.

-Хэрхэн хонжворыг тохируулах вэ?

-Сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын хоёр үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ. Энэ дугаар нь сүүлийн 50 жилд дахин давтагдахгүй юм.

Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ. Нийт зургаан зэргийн шагналтай.

-Зургаан зэргийн шагналыг хэрхэн тодруулах вэ?

Супер сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон тоон утгаараа тохирч байвал Супер сугалааны тохирлын урамшууллыг олгоно.

Сугалааны дүрэм:

Сугалааны дугаарын найман цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшуулал буюу 100 сая төгрөг.

Сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 2 дугаар зэргийн урамшуулал буюу 20 сая төгрөг.

Сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 3 дугаар зэргийн урамшуулал буюу 4 сая төгрөг.

Сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 4 дүгээр зэргийн урамшуулал буюу 500 мянган төгрөг

Сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 5 дугаар зэргийн урамшуулал буюу 100 мянган төгрөг.

Сугалааны дугаарын аливаа сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 6 дугаар зэргийн урамшуулал буюу 20 мянган төгрөг таарах юм.

-Мөнгө хожсон тохиолдолд хэрхэн авах вэ?

-Тухайн иргэний цахим хаягт та хэдэн төгрөг хожлоо гэсэн мэдээлэл ирнэ. Журмаар 500 мянган төгрөгөөс доош мөнгөн дүн хожсон тохиолдолд тухайн иргэний бүртгүүлсэн банкны дансанд автоматаар орох юм. 500 мянгаас дээш хонжвор хожсон тохиолдолд ойролцоох татварын албанд сугалааны баримттай бол баримтаа авч очно. Мөн баримт олгоогүй цахим хэлбэрээр таны е-мэйл хаяганд сугалааны дугаар очсон бол цаасан дээр хэвлэн авчрах юм. Ингэхээр иргэдийн хувьд баримтаа хаяж болохгүй. Хуулинд төлбөрийн баримт нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно гэж заасан байдаг. Уг баримтыг ямар нэгэн аргаар хуурамчаар хийх боломжгүй учир нь өндөр нууцлалтай QR кодтой учир. Гурван тоо таарсан бүх хүн сугалаанд хожно гэсэн үг. Найман оронтой тоотой баримт таарсан хэдэн ч хүн 100 сая төгрөг авах боломжтой. Нэг баримт гурван удаагийн сугалаанд оролцох эрхтэй. Түүнчлэн иргэдийн хувьд нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Сугалааны дугаар бүхий баримтаа сошиол хэрэгслээр тарааж болохгүй. Учир нь гэвэл дээрх сугалааны дугаарыг чинь өөр хүн өрсөөд бүртгүүлэх боломжтой юм.

Хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногт сугалааны тохирлыг олгоно

Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно. Супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгоно.

Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол http://www.ebarimt.mn цахим хуудсанд сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.

Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгнө.

http://www.ebarimt.mn цахим хуудсанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулсан сугалаанд оролцогчийн сугалааны тохирлыг бүртгүүлсэн дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.

Т.Буянаа