Энэ нийгэм хэт задгай болжээ. Би өөрөө гурван хүүхдийн ээж. Тогтсон амьдралтай юмны муу сайныг ялгаж сайн муу хүнтэй уулзаж ялгаж чаддаг болсон. Иймд саяхан хэд хоногийн өмнө өөрийн нүд, чихээр харсан зүйлээ бичиж залуучуудаа болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг хэлэхийг шийдэж үүнийг бичлээ.

Шинэ оноор найзууд маань хотод байхгүй байж байгаад он гаргаад ирэнгүүт нь уулзлаа. Тэгээд ажлаа тараад л шууд л эхний таарсан газраа орж хоол идэнгээ буу халахаар нэг ресторан паб-д орлоо. Уг нь их аятайхан тохилог газар байсан юм. Тэгээд л нэг ширээ сул байхаарнь бид хэд очиж суугаад хоолоо захиалаад л захиалга ирэх хооронд хууч хөөрч байхад хажуу талд хэдэн эмэгтэйчүүд эр, эм хүмүүсийн дотно харилцааны талаар дуу дуугаа аваад л чанга яриад байлаа. Би ч эхэндээ сонсчихоод гайхаад л байв. Тэгсэн удалгүй нэг найз маань оо орохоор явах үедээ тэднийг харж ирэнгүүтээ "Хөөш ээ энэ хажууд суугаа хүмүүс чинь жоохон хүүхдүүд байна ш дээ түрүүнээс хойш том том юм яриад байхаар нь насанд хүрсэн хүүхнүүд юм байх гэсэн" гэдгийн байна. Тэр газар өндөр түшлэгтэй буйдангуудтай болохоор хажуу ширээний хүмүүсийн нүүр царай харагдахгүй байсан юм. Тэгээд бид хэд өөрсдийнхөө талаар ажил шийдэх асуудлаа яриад нөгөөдүүлийг ч мартаж орхиж. Гэтэл юу юугүй л зодоон болоод эхэллээ. Хартал нэг банди хүрээд ирцэн нэг охиныг нь үстэж аваад "чи хүнтэй явдаг хэн бэ. Надаас хэд хоног зугтаасан. Өөрөөс чинь ах хүн таалагдаа юу эсвэл чамд мөнгө хэрэг болоо юу. би тэрийг чинь ална аа за" гээд л элдвээр хэлээд л бөөн юм боллоо. Бид ч хүүеээ юу болоод байгаа юм бэ гээд зөөгчийг нь дуудаж салгуулав. Өсвөр насны охидууд дундаа архи тавьцан ор хөнжил, нууц амраг яриад сууж байгаа нь үнэхээр харамсаар байна. Тэдний нэг нь найз бандиа хуурч өөрөөсөө ах хүнтэй уулздаг болж Тэгээд ууж сууж байгаад баригдаад зодоон болсон гэдэг нь бидний дэргэд өрнөсөн зүйлээс илт мэдэгдсэн. Хичээл номоо хийж явах хүүхдүүд ингэж яваа нь эцэг эхийн хараа хяналт хүмүүжүүлэх үүрэг сул байгааг илтгэнэ. Хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш ирээдүйт ээж болох улс ингэж явж байж таарахгүй шүү охидууд минь.