Хэрүүлч заргачаараа алдартай Ц.Нямдорж 2013 онд “Якунин гэдэг хүн Монгол төрийн тэргүүнээс эхлээд Х.Баттулга гээд бүх хүнтэй уулзсан.

Цаана нь Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил, далд яриа хэлэлцээнүүд явагдаж байсан учиртай. Хоёр, гурван удаа Засгийн газрын хуралдаанаар гэнэт асуудал оруулж ирэхэд нь түлхээд байхаар нь би тэвчилгүй “Та нар цаана нь юу хийгээд байгаагаа хэл. Одоо хэлэх цаг чинь болсон” гэсэн шаардлага тавьсан. Хариуд нь Тавантолгойн лицензийг Оросуудад өгч байж төмөр зам барих болно гэдгээ хэлсэн. Тэр үндсэн дээр “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани байгуулж, ТУЗ-ийн даргаар ОХУ-ын элчин сайд асан Хангай, гүйцэтгэх захирлаар нь Морозов гэдэг хүн томилогдсон. Төмөр замын талаарх төрөөс барих бодлогын хүрээнд 15, 20-ын төмөр зам барихаар анх гэрээ хийсэн. Төмөр замын бодлого хэрэгжсэний дараа Х.Баттулга сайд хоёр жилийн дотор төмөр зам барьж дуусгана хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Ийм мэдээлэл өгснийхөө дараа оросуудаас холдсон. Сүүлдээ нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих гэрээ байгуулсан” гэж мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдлийг Х.Баттулга гүжирдлэг хэмээн шүүхэд хандсан юм. Шүүх Ц.Нямдоржийг Х.Баттулга гишүүнээс уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр тухайн үедээ гаргаж байсан. Гэсэн хэдий ч Ц.Нямдорж уучлалт гуйхгүй хэмээн мэдэгдэж, өөрийнхөө зөв хэмээн зүтгэж бүр Х.Баттулгын тухай “...Хувийн дуусашгүй шунал, өчүүхэн атаархлаар улсын ажлыг хорлож, С.Баяр, Сү.Батболд нарын толгойлсон засгийг дөрвөн жил ажил хийлгээгүй. Одоо ч Н.Алтанхуягийн засагт тээг болоод л явж байна. Х.Баттулга ҮХААЯ-наас гадна Зам, тээврийн яамыг удирдаж байгаа. Төмөр замын асуудлаар А.Гансүх Х.Баттулгын амнаас зөрж шийдвэр гаргана гэж байхгүй. Засгаас ганц ч төгрөг авалгүйгээр төмөр зам барьчих боломж байсан. Төмөр замыг хоёр жилийн дотор барьчихна гэж амлалт өгсөн хүн нь одоо төрийн ажлыг хорлоод байхад энэ хүнийг цаашид байлгаад байх юм уу. Х.Баттулга жишээ нь ямар үнэтэй хүн бэ. Төмөр замаар ямар луйвар, будилаан хийгдсэнийг нэг бүрчлэн мэднэ. Хэнд ч хэрэггүй далан шороо ухаад 50 тэрбум төгрөгийг шороонд булсан. Энэ бол хариуцлагагүй үйл ажиллагаа бус цэвэр хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Би Х.Баттулгад дургүйдээ ингэж ярьж байгаа юм биш. Улс төрчийнх нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолтой этгээд байхгүй, олигтойхон ярьж ч чадахгүй” хэмээн хэлсээр байсан юм. Олон удаа сонгогдож төрийн хашир хар хүн болон төлөвшсөн Ц.Нямдорж энэ мэтийн хэрүүлд өш санаж элдэв явуулга явуулна гэж баймгүй санагдавч улс төрчид, нам хоорондын тэмцэл хэрхэн яаж явагддаг гэдгийг бид нар яаж мэдэх билээ.

Ямар ч асуудлын үнэн цаг хугацааны эрхээр тодорч гардаг. Б.Батзаяа болон түүний хэргийн үнэн ч гэсэн мөдхөн тайлагдана. Х.Баттулга ба түүнтэй дайсагнагч талуудын чухам хэнийх нь үнэн байсан бэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Тэр хүртэл харин таамаглал дунд л бид эргэлдэх боломжтой.

С.Амаржаргал