Төрийн албан хаагчдын хүнд суртал хэрээс хэтэрсэн гэлцдэг. Тэгвэл хүнд суртал байгаа газарт авлига цэцэглэж, ар хударгаар нь дарга нар зоолдог хууль өнөөгийн нийгэмд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

Төрийн бүх шатны байгууллагууд хуулийн дагуу ажиллах ёстой. Харин хуулиас дээгүүр жаалж хүнд суртлаар иргэдийг чирэгдүүлэх учиргүй.

 

Иргэдийн гаргасан гомдол дунд иргэний бүртгэл мэдээллийн ажилтан, халамж үйлчилгээний ажилтнууд, хорооны байцаагчид гээд хонх уяасан төрийн албан хаагчид зөндөө бий. Тэр дундаа Улсын бүртгэлийн ерөнхий газрыг тойрсон хэл ам мундахгүй. Эл газар иргэдэд хурдан шуурхай үйлчлэх үүрэгтэй. Гэтэл үйлчлүүлэгчийнхээ төлөө бус өнөө маргаашийг аргацаан ажиллаж буй гэх.

 

Хариуцлагагүй ажилтны балгаар “зөрчилтэй” гэсэн файз зүүсэн иргэд энэ газрыг зорих нь ихэсчээ. Гэвч үйлчилгээ авахаасаа илүү үглэж янших нь элбэг. Бичиг баримтын зөрчилтэй иргэд тус газрын үүдийг сахиж өдөржин “тарчилдаг”. Лавлагаа мэдээлэл авахаар очиход нь тус төвийн ажилчид хүнд суртал гарган иргэдийг өдрийн турш оочерлуулан үйлчлүүлэх ээлж нь болоход тодорхой мэдээлэл өгөхгүй, лавлагаа хийж өгөхгүй зэргээр чирэгдүүлдэг байсан.

 

Тэгвэл төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд 2009 оноос эхлүүлэн Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 тусгай дугаарын утсыг энгийн утасны тарифаар ажиллуулж эхэлсэн. Энэ утас иргэдэд бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгдөг. Түүнчлэн Засгийн газрын 1111 мэдээллийн төвтэй тогтмол хамтран ажиллаж иргэдийн санал, хүсэлтийг дамжуулан хүлээн авч ажилладаг байна.

 

Эдгээр гомдол мэдээллийн санд Халамж үйлчилгээний газарт нэр очоогүйн улмаас хүүхдийн мөнгө авч чадаагүй иргэд хандахаас гадна цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн хэрхэн, яаж авах талаар иргэд хандах нь нэмэгджээ. Хүүхдийн мөнгө олгогдож эхэлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан ачаалалтай ажиллах болсныг албаныхан онцолдог ч хариуцлагагүй ажилтнуудынх нь буруугаас болж иргэдийн нэрс алдаатай бичигдэх болсон аж.



Энэ талаар мэдээлэл өгч буй иргэдийн яриаг элдэв хачиргүй хүргэе. Тус газраар үйлчлүүлж байсан иргэд “Энэ байгууллагад бичиг үсгийн боловсролтой хүн алга. Хүний нэр алдаж бичнэ. Овог зөрүүлнэ. Регистрийн дугаарыг давхардуулж олгоно, эсвэл сольчихно. Үүнээс болж хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүмүүс энд ирж лавлагаа авч шүүлгэж байна. Лавлагаа авах бүртээ 2000 төгрөг тушаана.

 

Ингээд хэдэн цагийн турш дугаарлаж байж сая нэг шүүлгэхэд дахиад хүлээ гэх. Өнгөрсөн жил иргэний шинэчилсэн бүртгэл гээд сүртэй ажил хийгдсэн. Гэтэл иргэдийн нэрийг зөв бичиж чадахгүй алдаж бичсэнээс болж энэ байгууллага ачаалалтай ажилладаг байх” хэмээн ундуйцав. Өөр нэгэн иргэн “Баяраа гэдэг нэрийг Баялаа, Занданжав гэхийг Занданзав гээд бичсэн байх юм. Бас болоогүй ээ.

 

Эцгийг хүүхдээр нь овоглоод биччихсэн байх жишээтэй” гэв. Ийм л зовлонг иргэд тоочиж байна. Тус газарт үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь цахим үнэмлэх хэзээ гарах вэ, гадаад паспорт яаж авах вэ, лавлагаа гэх мэт асуудлаар ирдэг. Хэдийгээр иргэний бүртгэлийн ажлыг сайжруулах тал дээр холбогдох албаныхан ажиллаж байгаа ч үр дүн муутайг иргэд ийнхүү ярьлаа.



Хүний овог нэр, регистрийн дугаарыг хариуцлагагүй байдлаас болж алдаж бичсэн ажилтнуудыг яах ёстой вэ. Халамж үйлчилгээний газрынхан эл алдааг иргэний бүртгэл мэдээллийнхэн рүү чихдэг. Хаа хаанаа хариуцлага гээчийг уландаа гишгэсэн эдгээр газруудад хууль гэгч хуудуутай мэт хэрэгждэг бололтой. Өмнөх саруудад хүүхдийнхээ мөнгийг хэвийн авч байсан иргэд өнгөрсөн сараас эхлэн зөрчилтэй гэсэн шалтагаар хоцорч орхисон. Гэсэн ч албаны хүний хэлж буйгаар өнгөрсөн сарын мөнгө нөхөгдөж орно гэх.


А.Лхагважав